"Хууль зөрчсөн төсөв хүлээж авсан" гэж С.Бямбацогтыг цэцэд өгч, Ерөнхий сайд Н.Учралыг "итгэл үзүүлэх" асуудлаа оруулж ир гэж АН-аас шаардаж эхэллээ

"Хууль зөрчсөн төсөв хүлээж авсан" гэж С.Бямбацогтыг цэцэд өгч, Ерөнхий сайд Н.Учралыг "итгэл үзүүлэх" асуудлаа оруулж ир гэж АН-аас шаардаж эхэллээ

“Тулга тойрсон хэрүүл” гэдэг шиг төсвөө тойрсон олон асуудалтай өдөр хоногийг бид өнгөрүүлж байна.

Энэ нь Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны наймдугаар сарын 20-нд 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Мөн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах төслийг хамт өргөн барьсантай холбоотой юм. Дээрх асуудлыг өчигдөр /2026.09.16/ байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэж дуусаад, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээд байгаа билээ. 

- "ТӨСӨВ НЬ ДҮРМЭЭ ДАГАХ ЁСТОЙ БАЙТАЛ ДҮРМЭЭ ТӨСӨВТӨӨ ТААРУУЛЖ БАЙНА" - 

Харин Ардчилсан намын зүгээс энэхүү хуулийн төсөл нь төсвийн тусгай шаардлага болон Үндсэн хуультай холбоотой асуудал үүсгэж болзошгүй гэж үзэн, УИХ-ын дарга С.Бямбацогтыг ҮХЦ-д  хандана гэсэн юм.  Тодруулбал, АН-ын дарга О.Цогтгэрэл даваа гарагт болсон чуулганы нэгдсэн хуралдаанд “УИХ-ын дарга аа! Та Монгол Улсын хуулийг дээдэлж ажиллах юм уу, үгүй юм уу. Төсвийн хүрээгээр 36 их наядаас их төсөв өргөн барих боломжгүй байтал 43 их наядын төсөв хүлээж авсан чинь хуулийн зөрчил шүү дээ” хэмээгээд Ардчилсан нам гурав хоногийн завсарлага авсан.

Дээр хэлсэнчлэн төсвийн талаар дээр, дооргүй л тоо мэддэг бүх хүн анхааран ажиглаж байна. Энэ асуудлаар үгийг нь анхаарч сонсох ёстой байгууллага болох ТТБЗ өчигдөр дүгнэлтээ танилцуулсан юм. ТТБЗ дээрх 43 их наядын зарлагыг дүгнэхдээ "43 их наяд гэдэг маш том тоо. Бид зарлагын огцом тэлэлт, төрийн оролцоо нэмэгдэж байгаа дээр манай зөвлөл эсрэг байр суурьтай байгаа” гэсэн юм. Үргэлжлүүлэн ТТБЗ төсвийг тогтвортой байлгах хүрээнд олон дүгнэлтийг тайлбарлалаа. Энэ үеэр гишүүн Н.Ууганбаатар “Төсвийн дүрэмдээ өөрчлөлт оруулахаар санал гаргасан ч тэр дүрмээ одоог хүртэл батлаагүй байгаа. Батлаагүй байгаа дүрмээ дахиад хангахгүй байгаа. Ингэхдээ энийгээ энэ жилдээ мөрдөхгүй гэсэн агуулгатай, гэхдээ арай өөрөөр бичигдсэн дахиад нэг хуулийн төсөл хамт өргөн барьсан” хэмээсэн юм. 

Өөрөөр хэлбэл, тодотгол дагаад төсвийн дүрмээ өөрчлөх хуулийн төсөл өргөн барьсан, төсөв дагаад өөрчлөхөөр өргөн барьсан дүрмээ дахин өөрчлөх байдлаар өргөн барьсан гэсэн үг. “Батлагдаагүй байгаа дүрмийг зөрчсөн эсэх нь ямар үр дагавар авчрахыг би мэдэхгүй байна” хэмээлээ. 

Түүнчлэн Засгийн газраас өргөн барьсан төсөлд Төрийн аудитын байгууллага дүгнэлтээ танилцуулаад байгаа. Тодруулбал, 2026 оны төсвийн тодотголын төсөлд хийсэн дүгнэлтэд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудаас 6.1.2-т заасан суурь тэнцэл нь ДНБ-ий хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байх шаардлагад нийцээгүй, мөн хуулийн 6.1-д заасан тусгай шаардлагуудыг “нэгэн зэрэг” хангах шаардлага биелээгүй гэж дүгнэжээ. Мөн уг шаардлагыг өөрчлөхөөр өргөн мэдүүлсэн нь тус хуулийн 6.5 дахь хэсэгтэй зөрчилдөж байна гэж үзсэн байна.

- "ТӨСВӨӨ ӨРГӨН БАРЬСАН ГИШҮҮД ЧИНЬ ӨӨРСДӨӨ ЧУУЛГАНДАА СУУХГҮЙ БАЙНА" -

Ардчилсан намын “ааштай” гишүүд  хууль зөрчсөн төсөв хэлэлцэхгүй гэснээрээ хэд хоног гэдийгээд суучихвал Ерөнхий сайд огцрох хүртэл хэмжээнд асуудал даамжирч болох юм.  Ардчилсан нам ч чуулганыхаа нээлтэнд “Ерөнхий сайд огцор” гэсэн лоозон тавиад суусан нь үүнтэй холбоотой байж болох. Тодруулбал, Үндсэн хуулиар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьж болно. УИХ уг асуудлыг гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн, арав хоногийн дотор шийдвэрлэнэ гэсэн байдаг.

Тиймээс Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралыг өөртөө итгэл хүлээлгэх асуудлаа УИХ-д оруулж ирэхийг шаардаж байгаа. Энэ шаардлагыг АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл төсвийн хэлэлцүүлгийн үеэр эрх баригч гишүүдийн ирцтэй холбон тавьсан юм. Тэрбээр “Төсвийн тодотголоо өргөн барьсан УИХ-ын гишүүд чуулгандаа суухгүй байна. Танд энэ гишүүд чинь итгэхгүй байгаа юм биш үү. Итгэл хүлээлгэх асуудлаа яриач” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Энд яригдаж буй “итгэл хүлээлгэх” асуудал нь Ерөнхий сайд өөрөө УИХ-аас улс төрийн дэмжлэг хүсэх Үндсэн хуулийн механизм юм. Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлд Ерөнхий сайд улсын төсөв болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д оруулж болохоор заасан. УИХ уг асуудлыг өргөн мэдүүлснээс хойш гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн, арав хоногийн дотор нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэх учиртай. 

- 2027 ОНЫ ТӨСВӨӨ БАТАЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ... - 

Тэр ч байтугай огцрох тухай асуудал ганц Засгийн газарт бус УИХ-д хамаатай болж ирлээ. Учир нь энэ янзаараа сунжирч явсаар хугацаандаа амжиж төсвөө баталж чадахгүй бол "хууль зөрчсөн" төсөв хүлээн авсан гэх УИХ-ын дарга С.Бямбацогтын тэргүүлсэн “мөнгөгүй” болсон УИХ цаашид хэрхэн ажиллах, ер нь үргэлжлүүлэн ажиллах уу гэсэн асуулт үлдэх нь ээ.   

 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө