Өмнөд Солонгос улсын Сувон хотноо зохион байгуулагдсан уламжлалт "Палдалмүн" (팔달문시장 다문화가요제) олон соёлт иргэдийн дууны наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Гаваажавын Мягмарсүрэн тус тэмцээний хамгийн нэр хүндтэй шагнал болох "대상" буюу Гран при шагналын эзэн болж, хол газар эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө.
Энэхүү нэр хүндтэй наадамд Монгол, Япон, Хятад, Их Британи, Бангладеш болон АНУ-ын Майами зэрэг дэлхийн олон орноос шалгарч үлдсэн шилдэг 18 оролцогч өөрсдийн авьяас чадвараа сорин өрсөлдсөн юм. Тэмцээний тэргүүн байрыг эзэлсэн зургаан хүүхдийн ээж болох Г.Мягмарсүрэн Солонгосын алдарт дуучин Ин Сүн И (In Sooni)-гийн дуулж олны хүртээл болгосон "Галууны мөрөөдөл" (거위의 꿈) хэмээх гүн гүнзгий утга агуулгатай, солонгосчуудын зүрхэнд хүрсэн алдартай бүтээлийг амилуулан дуулжээ. Түүний гайхалтай хоолойны чадал, дууны үгний илэрхийлэл болон тайзны соёл нь шүүгчид болон Сувон хотын үзэгчдээс өндөр үнэлгээ авч, ийнхүү Тэргүүн шагналыг бахдамтайгаар хүртэх шалтгаан болсон байна.