Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 38.7 га талбайд хууль бус үүссэн хогийн цэгийг шуурхай нүүлгэн шилжүүлэхээр болжээ.
Энэ талаар Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд Туул голын ай сав газар 2010 оноос хойш аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээр барилгын хог хаягдлаа хаяж, нийт 1.1 сая тонн хог хуримтлагджээ. Энэ нь Газрын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Усны тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль зэрэг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжуудыг зөрчиж байгаа юм. Улаанбаатар хотын 1.8 сая оршин суугчийн ундны эх үүсвэр, Туул голын экосистем дээр бий болсон хууль бус хогийн цэгийг зөөж, цэвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөрд үүрэг болгож байна. Мөн Туул голын эрэг, хөрс болон ойролцоох ундны усны эх үүсвэрийн худгуудад мэргэжлийн байгууллагатай хамтран шинжилгээ хийж нөхөн сэргээх, халдваргүйжүүлэх болон сөрөг нөлөөллийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Хогийг цэвэрлэж, зөөсний дараа дахин хог асгуулахгүй байхын тулд хашаа хайс байгуулж, камержуулах зэрэг арга хэмжээг авна. Энд хог хаягдлаа тогтмол хаясаар ирсэн компаниудад хариуцлага тооцож, нүүлгэн шилжүүлэх зардлыг төлүүлнэ. Мөн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Цаашид байгалийн сайхан тогтоцтой энэ газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөгөөтэй байна” гэв.

