“Петрочайна Дачин Тамсаг” компанид хайгуул, хөрөнгө оруулалт, олборлолтоо нэмэгдүүлэхийг чиглэл болголоо

“Петрочайна Дачин Тамсаг” компанид хайгуул, хөрөнгө оруулалт, олборлолтоо нэмэгдүүлэхийг чиглэл болголоо

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Ерөнхий захирал Жан Гуан Яныг хүлээн авч уулзан, Монгол Улсын газрын тосны салбарын үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагаатай холбоотой зургаан асуудлаар байр сууриа илэрхийлж, чиглэл өглөө.

Уулзалтаар газрын тосны хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, түүхий тосны экспорт, Газрын тосны тухай хуулийн шинэчлэл, орон нутгийн хамтын ажиллагаа болон талбайн хамгаалалтын асуудлыг хэлэлцэв. Үүнд, газрын тосны эрэл, хайгуул, олборлолтын үйл ажиллагааг Дотоодын цэргийн хамгаалалтад авахтай холбогдуулан хэрэгжүүлэх журамд хөрөнгө оруулагчдын саналыг тусгах, хайгуул болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг чиглэл болголоо. Мөн Монгол Улсаас олборлож буй түүхий тосны хэмжээг нэмэгдүүлж, жилд 800 мянган тонноос 1 сая тоннд хүргэх чиглэлд бодит үр дүн гаргах шаардлагатайг онцлов.

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Петрочайна Дачин Тамсаг” компаниас албан ёсны санал авахын зэрэгцээ газрын тос олборлогч бусад аж ахуйн нэгжүүдтэй уялдаа холбоотой ажиллахыг сануулав.

Түүнчлэн орон нутгийн хөгжил, иргэдтэй харилцах харилцаанд бодит анхаарал хандуулж, хамтын ажиллагааг сайжруулахыг санууллаа. Энэ хүрээнд Ерөнхий сайд болон АҮЭБ-ын сайд нар “Петрочайна Дачин Тамсаг” компанийн талбайд ажиллаж, олборлолт, хайгуулыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй ажлын явцтай танилцана. Харин “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн зүгээс олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олборлолтыг өсгөх боломжийг судлан, дээд шатны удирдлагад танилцуулж, бодит үр дүн гаргах чиглэлээр ажиллахаа мэдэгдлээ.