Хувийн сургуулийн хүүхдүүдийн боловсролын зардалд төрөөс сүүлийн дөрвөн жилд 135.8 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгожээ

Хувийн сургуулийн хүүхдүүдийн боловсролын зардалд төрөөс сүүлийн дөрвөн жилд 135.8 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгожээ

Улсынхаа бүх хүүхдэд суурь боловсрол олгох нь төрийн хамгийн чухал үүргийн нэг. Тийм болохоор цэцэрлэг,  сургуулийн барилгыг төр зардал гарган барьж, хүүхдүүдийнхээ боловсролд анхаарсаар ирсэн.  Дэлхийн улс орнуудын жишиг ч ийм. Түүнчлэн энэхүү ажлыг хийхэд мэдээж их хэмжээний зардал гарах бөгөөд манай улсын хувьд нэг хүүхдийг сургах зардал жилд дунджаар 2,9 сая төгрөг байна. Боловсролын яамны төсвийн дийлэнхийг ч энэ зардал эзэлдэг байна. 

Энэ ачааллыг төр ганцаараа хариуцах нь мэдээж хүндрэлтэй бөгөөд хувийнхан үүнээс хуваалцан үйл ажиллагаа явуулдаг.  Үүний хариуд төрөөс хувийн сургуулиудад нэг хүүхдийн зардлыг дундажаар 600 орчим мянган төгрөгөөр тооцож зардал олгодог байна.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, сургуулийн алслагдсан байдал, сургуулийн хэмжээ, хүүхдийн тоо, сургалтын төлбөр, ажлын цаг зэрэг олон хүчин зүйлээс болж энэ зардал хувьсдаг тул “хувьсах зардал” нэртэй болж байгаа юм.

Дэлхийн бусад улс оронд ч энэ аргыг хэрэгжүүлдэг бөгөөд АНУ, Австрали, Эстон, Индонез, Чили, Казахстан зэрэг олон орнууд үүнд багтана. Харин Монголчууд энэ тогтолцоог  1998 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тодруулбал, Засгийн газрын 91 дүгээр тогтоолоор ЕБС-ийн нэг сурагчид ногдох хувьсах зардлын хэмжээг анх тусгайлан баталжээ. Үүнээс хойш1999-2009 онд байршил, хэв шинжийн итгэлцүүрүүд нэмэгдэж, цэцэрлэг болон дотуур байр тусгай нормативтай болсон юм байна.  Улмаар 2026 оны 5 дугаар сарын 1-нээс Засгийн газрын 149, 150 дугаар тогтоолын шинэ норматив хэрэгжиж байна.

Хувийн сургуулиудад олгосон зардлыг сүүлийн 4 жилээр авч үзвэл, 2022 онд 172 сургуульд 29.9 тэрбум төгрөг, 2023 онд 173 сургуульд 28.21 тэрбум төгрөг, 2024 онд 173 сургуульд 38.2 тэрбум төгрөг, 2025 онд 165 сургуулийг 39.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. 

Боловсролын ерөнхий газрын мэдээлж байгаагаар 2025 онд хамгийн өндөр санхүүжилт буюу 900 сая төгрөгөөс дээш төгрөг авсан нийт 5 сургуулийн 3 нь нийслэлд байна. Энэ бол 1500-аас дээш хүүхэдтэй Шинэ монгол Харүмафүжи, Шинэ монгол, Шинэ үе сургуулиуд. Орон нутгаас бол Баян-Өлгий аймгийн Бастама сургууль, мөн аймгийн Дарын цогцолбор сургуулиуд орж байна. Харин 2026 оны байдлаар хамгийн өндөр хувьсах зардал авсан сургуулиар Говь-Алтай аймгийн Олонбулаг багийн ерөнхий боловсролын сургууль тодорсон буюу нэг суралцагчид 18.0 сая төгрөг олгогдсон юм байна.