Ерөнхий сайд Н.Учрал хоёр хоногийн өмнө бүлгийнхээ 13 гишүүнтэй уулзахдаа улсын төсөв хүртэл гацаах болсон шалтгааныг нь сонсож, өөрийнхөө саналыг ч хэлж, ярилцжээ.
-13 ГИШҮҮНИЙ ЗҮГЭЭС ШААРДЛАГЫГ НЬ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БОЛ ТӨСВИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОХГҮЙ ГЭСЭН БАЙНА-
13 гэдэг нь анхаарал татах тоо бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийг 38, 30-аараа хуваагдаж цөөнхийг нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар чиглүүлдэг гэх мэдээлэл бичигдээд удаж байна. Гэвч 30 гишүүний энэ нэгдэл задраад хэдийн хоёр жил болж байгаа бөгөөд бодит байдал дээр өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг дагасан 11 гишүүн л тус бүлэгт байгааг дээрх уулзалт баталж өглөө.
Уулзалтаар талууд хэд, хэдэн асуудлыг ярилцсан боловч хэн нь ч хүссэндээ хүрч чадалгүй салцгаасан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын 13 гишүүний зүгээс “А.Ариунзаяа, О.Саранчулуун нарыг түгжилмаа” гэж дуудсантай холбоотойгоор Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир нарыг огцруулахыг шаардсан байна. Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол 2027 оны улсын төсвийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэжээ. Харин Ерөнхий сайд Н.Учрал хариуд нь төсвийн төслийг гацаавал цалин, тэтгэвэр тавьж чадахгүйд хүрч хүнд байдалд орно гэдгийг сануулж, Л.Энх-Амгалан, Т.Ням-Очир нарыг огцруулах үндэслэлгүй гэдэг хариултыг өгсөн гэв. Энэ үеэр Л.Энх-Амгалан сайд ч “Уучлалт гуйх шаардлагагүй” гэдгээ хэлжээ. Дээрх гишүүдийн зорилго нь үүгээр дамжуулж, наймаалцах чадахгүй бол төсөв гацааж Засгийн газрыг АН-тай хавсран огцруулах байж магадгүй тухай мэдээлэл бий.
- ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛБАЛ УИХ ТАРАХ НӨХЦӨЛ БАЙДАЛ БҮРДЭЖ МАГАДГҮЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ САНУУЛСАН БАЙНА -
Харин үүнд Ерөнхий сайд Н.Учрал “Улсын төсвөөс ч батлуулаагүй Засгийн газрыг огцруулна гэж юу яриад байна вэ. Би муу, муухай байж болно. Намайг огцрууллаа гэхэд дараагийн Ерөнхий сайдыг Бага хурлаас нэр дэвшүүлэхэд хүндрэлтэй бүр гацаанд ч орж магадгүй тэр тохиолдолд УИХ тарах нөхцөл байдалд орж магадгүй” талаар хэлж, сануулсан гэх.
Тэгээд эцэст нь хэн, хэн нь нэгдсэн шийдвэрт санал нэгдэж чадалгүй тарсан байна. Энэ нь өнөөдрийн талцал маргаан ирэх өдрүүд ч үргэлжлэхийг илтгэж байгаа юм.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ жил хагасын өмнө чуулганы танхимын индрээс УИХ-ын гишүүн Ж.Баярмааг “Баярцогт” гэж дуудахад АН-ын бүлгийн гишүүд бухимдан уучлал гуйхыг шаардаж байв. Тухайн үед дээрх 13 гишүүний зарим нь “Уучлаарай уучлалт гуйх шаардлагагүй. Хоёр хүний маргаан” хэмээн ярьж явсан удаатай. Яг түүн шиг кэйс өөрсдөд нь ирсэн нь асуудлыг энэ хүртэл хүндрүүлэхэд нь нөлөөлжээ.
-Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР Н.НОМТОЙБАЯРЫН "ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ"-Д ОРОХ УУ"
Н.Учралын тухайд эрх мэдлээ үргэлжлүүлж, ялах хүнээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж ялалт байгуулах, тэгэж байж 2028 оны сонгуульд намаа удирдаж орох зорилготой. Түүнд хэнийг нэр дэвшүүлэх үгүйг шийдэх эрх мэдэл байгаа цагт өнөөдрийн 13-т боломж үгүй ч байж мэдэх юм. Тийм учраас эдний эцсийн хорогдох байх Н.Номтойбаярын Үндэсний эвсэл ч болж магадгүй тухай мэдээлэл бодитоор яригдаад удаж байна.
Ямартай ч улсын төсвийн төслийг тухайн жилийнхээ 11 сарын 15-ны дотор батлах ёстой. Мэдээж цалин, тэтгэврээ авах гэсэн иргэдийн шахалтаар төсвийн төслийг УИХ батлах болов уу гэсэн хүлээлт, таамаг байна. АН-ын хувьд Ерөнхий сайдыг Итгэл үзүүлэх саналыг УИХ-д оруулж ир гэсэн шаардлагыг тавьсан ч Ерөнхий сайд Н.Учрал “Би өөртөө итгэж байна. Та нар гарын үсгээ бүрдүүлэхээд огцруулах саналаа өргөн барьчих” гэсэн хариултыг өгөөд буй билээ.