Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар тусгаарлагдсан хотын хойд, урд хэсгийн авто замын сүлжээг нэмэгдүүлэх зорилгоор төмөр зам доогуурх нүхэн гарцуудыг байгуулж байгаа.
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Геологийн төв лабораторийн орчимд хэрэгжүүлж буй нүхэн гарцын ажил 61.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус нүхэн гарц нь Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Эрчим хүчний гудамжтай холбох 1.48 км авто зам, бүх төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой таван метр өндөр, 28 метр урт хоёр нүхэн гарцтай байх бөгөөд гарцуудыг Улаанбаатар төмөр зам болон ТЭЦ-4-ийн салбар төмөр зам доогуур байгуулахаар төлөвлөн авто зам, замын байгууламжийн ажлыг гүйцэтгэж байна.