Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Канда 11 жилийн дараа Монгол Улсад айлчилж, КАРЕК-ийн 25 дахь Сайд нарын бага хурал болон CAREC Business Forum 2026-д оролцоно.
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа буюу КАРЕК нь 11 улс болон хөгжлийн түншүүдийг нэгтгэж, тээвэр, худалдаа, эрчим хүч, хөрөнгө оруулалт зэрэг чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг дэмждэг хөтөлбөр юм. КАРЕК 2001 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд энэ жил 25 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд КАРЕК-ийн 25 дахь Сайд нарын бага хурал есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 2-ны хооронд Улаанбаатар хотод болно. КАРЕК-ийн хүрээнд 2025 оны эцсийн байдлаар 57.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай 300 бүс нутгийн төсөл хэрэгжсэн байна. Харин Монгол Улс 2003 онд тус хөтөлбөрт нэгдсэнээс хойш 19 төсөлд нийт 1.49 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ. Монгол Улсад хэрэгжсэн 19 төслийн 13 нь тээвэр, тав нь худалдаа, нэг нь хөдөө аж ахуйн салбарынх байна. Хөрөнгө оруулалтын дүнгээр тээврийн салбар 1.0 орчим тэрбум ам.доллар, хөдөө аж ахуй 270 сая, худалдааны салбар 193.7 сая ам.долларын хөрөнгө оруулалттай байна.
Тухайлбал, КАРЕК-ийн санхүүжилттэй төслүүдийн хүрээнд Улаанбаатар–Дарханы зам, Замын-Үүд дэх логистикийн хөгжил, хилийн боомтын шинэчлэл, баруун бүсийн авто замын коридор зэрэг төсөл хэрэгжжээ. Энэ удаагийн Сайд нарын бага хурлаар эдийн засгийн коридор, дижитал холболт, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хөрөнгийн зах зээлийн хамтын ажиллагааны дараагийн чиглэлийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн хурлаас Улаанбаатарын тунхаглал болон хамтын ажиллагааны бусад баримт бичиг гарахаар хүлээгдэж байна. Мөн есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-нд CAREC Business Forum 2026 зохион байгуулагдана. Энэ үеэр ногоон эрчим хүч, ухаалаг тээвэр, логистик, чухал ашигт малтмалын чиглэлээр бизнес, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцэнэ.