Шүүхийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод, ойлгомжтой хүргэх, олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Шүүхийн суваг” 2026 оны есдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн “Юнивишн IPTV”-ийн 50 дугаар сувгаар туршилтын цацалтаа хүргэж, есдүгээр сарын 25-ны өдрийн 18.00 цагаас албан ёсоор эфирээ нээнэ.
Шүүхийн суваг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрх, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах зарчим, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх зарчим, тус зүйлийн 12.2.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдааныг нээлттэй явуулах, шүүхийн цахим хуудас, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн цахим сүлжээгээр энэ хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайлсан хуульд заасны дагуу шууд дамжуулах, эсхүл олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэх эрх зүйн зохицуулалтын хүрээнд хэрэгжиж байна. Шүүхийн суваг нь хуульд заасан шаардлага, журмын дагуу нээлттэй шүүх хуралдааныг шууд дамжуулахаас гадна шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах ярилцлага, хэлэлцүүлэг, тайлбар, нэвтрүүлэг болон иргэдэд эрх зүйн боловсрол олгох контентыг бэлтгэн хүргэх аж.