Сэлэнгэ аймгийн 10 сумын нутаг дэвсгэрт хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, нийт 162 толгой мал барьж идсэн тохиолдол бүртгэгджээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус аймгийн Засаг даргын удирдамжийн дагуу холбогдох байгууллагуудтай хамтарсан шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлжээ. Ажлын хэсэг иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу хүрэн баавгай хамгийн их үзэгдсэн Жавхлант, Хүдэр сум болон Бугант тосгонд ажиллаж, нөхцөл байдлыг шалган, холбогдох шуурхай арга хэмжээг авчээ. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн өгсөн мэдээллээр, Онцгой байдлын шуурхай баг газар дээр нь ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч байна. Яаралтай баг бүрэлдэхүүн гарсан тул одоогоор нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй аж. Албаны эх сурвалжийн мэдээллээр, ан амьтад өвлийн ичээндээ орохын өмнө идэш тэжээлээ нөөцлөхтэй холбоотойгоор сүүлийн үед баавгай зэрэг амьтад суурьшлын бүс болон малын бэлчээрт үзэгдэх тохиолдол нэмэгджээ. Иймд иргэдийг зэрлэг амьтантай ойртохгүй байх, мал сүргээ хараа хяналттай байлгах, баавгай үзэгдсэн тохиолдолд өөрсдөө хөөж туух, ойртохгүйгээр холбогдох байгууллагад яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна.