Ерөнхий сайд Н.Учрал Японы бизнесийн төлөөлөл болон JETRO-гийн удирдлагуудтай уулзаж байна

Ерөнхий сайд Н.Учрал Японы бизнесийн төлөөлөл болон JETRO-гийн удирдлагуудтай уулзаж байна

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Японы Гадаад худалдааны байгууллага буюу JETRO болон Японы бизнесийн төлөөлөл компаниудтай уулзаж байна.

JETRO нь Японы компаниудыг гадаадын зах зээлд гарахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ гадаадын компаниудыг Японд хөрөнгө оруулахад холбож, бизнесийн түнш хайж өгөх, зах зээл, татвар, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчны судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Мөн бизнес форум, B2B уулзалт, үзэсгэлэн, бизнесийн төлөөлөгчдийн айлчлал зохион байгуулахаас гадна жижиг, дунд үйлдвэр, стартап компаниудыг гадаадын зах зээлд гарахад дэмжлэг үзүүлдэг аж.  Тодруулбал, 2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар JETRO нь 1,980 ажилтантай бөгөөд дэлхийн 56 улсад 76 оффистой олон улсын сүлжээтэй байгууллага байна.

Монгол Улсад JETRO-ийн төлөөлөгчийн газар нээгдсэнээр Японы компаниудыг Монголд хөрөнгө оруулахад холбох, Монголын компаниудыг Японы зах зээлд гарахад дэмжих, хоёр улсын бизнес эрхлэгчдэд харилцан бизнесийн түнш олоход зуучлах боломж нэмэгдэх юм. Түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалтын бодит төслүүдийг урагшлуулахад дэмжлэг үзүүлэхээр байна. Өөрөөр хэлбэл, JETRO-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь Монголын компаниудыг Японы зах зээлтэй, Японы хөрөнгө оруулагчид болон компаниудыг Монголын бизнесийн орчинтой холбох гүүр болох юм.