Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр, нийгмийн зүтгэлтэн, С.Зориг одоогоос 28 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдаж байв.
Түүний дурсгалд зориулан Төв шуудангийн урд талд босгосон хөшөөнд өнөөдөр Ардчилсан намын гишүүд, Иргэний зориг ногоон намын үүсгэн байгуулагчид болон иргэдийн төлөөлөл цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Өнөөдрийн цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагаанд АН-ын дарга О.Цогтгэрэл, генсек С.Баярцогт, Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир, Иргэний зориг ногоон намын үүсгэн байгуулагчдын төлөөлөл оролцов.
Энэ үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "С.Зориг агсны хэрэг гарснаас хойш 28 жил өнгөрсөн гэдэг бага хугацаа биш. Энэ хүний асуудал зөвхөн улс төрийн ашиг хонжоо хайдаг, улс төрчид биесээ буруутгадаг арга хэрэгсэл төдий болж хувирсан нь харамсалтай. Ардчилсан намын зүгээс энэ хэргийг нээлттэй болгох, шаардлагатай бол УИХ-ын сонсгол зохион байгуулах асуудлыг судлахаар ажлын хэсэг гарсан. Мөрдөн байцаалтын нууц гэх мэт хууль зүйн асуудал бий. Гэхдээ 28 жил өнгөрсөн учраас энэ хэргийг нээлттэй ярих ёстой" хэмээн ярилаа. Түүнчлэн тэрбээр Т.Чимгээд төрөөс гурван удаа орон сууц авсан хэргийн тухайд "Гурван шатны шүүхээс буруутай гэж үзсэн этгээдэд төрөөс орон сууц өгч байгаа нь харамсалтай санагдсан. Гэхдээ хуулийн процессыг шууд буруутгах нь зохистой эсэхийг мэдэхгүй байна. Гурван шатны шүүх буруутай гэж үзсэн нь ор үндэстэй зүйл" гэсэн юм.