ОХУ-ын Эрхүү мужийн Эрхүү хот дахь "Сибирь, Алс Дорнодын Тахлын эсрэг судалгааны хүрээлэн"-гийн ажилтан нас барсантай холбоотойгоор ОХУ-д халдварт өвчин дэгдэх эрсдэлгүй гэж тус улсын эрүүл мэндийн хяналтын байгууллага мэдэгджээ. Үүний зэрэгцээ Кремль уг хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч буй мэдээллийн ихэнхийг худал хэмээн үгүйсгэжээ.
Тодруулбал, Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын Тахлын эсрэг судалгааны хүрээлэнд ажиллаж байсан эмэгтэй лабораторийн ажилтан өнгөрсөн долоо хоногт тодорхойгүй шалтгаанаар өвдөж, улмаар нас барсан юм. Оросын эрх баригчид түүний үхлийн шалтгааны талаар тодорхой мэдээлэл өгөөгүй хэвээр байгаа ч талийгаачийг "уушгины тахлаар нас барсан байж болзошгүй" гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Үүнтэй холбоотойгоор түүнтэй хавьталд орсон хүмүүсийг тусгаарлаж, Оросын эрүүл мэндийн хяналтын байгууллагаас нөхцөл байдлыг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын /ДЭМБ/ халдвар, цар тахлын менежмент хариуцсан захирал доктор Мария ван Керхове хэлэхдээ, талийгаачтай хавьталд орсон 200 орчим хүнийг ажиглалтад оруулсан бөгөөд тэдгээрээс өвчний шинж тэмдэг илрээгүй талаар ОХУ мэдээлсэн" гэж хэлжээ.
Мөн ДЭМБ талийгаачийн үхэлд хүргэсэн байж болзошгүй үүсгэгчийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулж байгаа гэж Мария ван Керхове мэдэгдсэн байна.
ОХУ-ын нийгмийн эрүүл мэндийн үндэсний агентлаг болох Роспотребнадзор уг хэргийн талаарх мэдээллийг ДЭМБ-д хүргүүлсэн бөгөөд талийгаачтай хавьталд орсон хүмүүсийг хянаж, лабораторийн шинжилгээ хийсэн гэж мэдэгджээ. Шинжилгээгээр халдвар болон аюултай эмгэг төрүүлэгчийн шинж тэмдэг илрээгүй гэжээ.
Роспотребнадзорын мэдэгдэлд, “Урьдчилан сэргийлэх болон халдварт өвчнөөс сэргийлэх бүх арга хэмжээг бүрэн хэрэгжүүлсэн. Иркутск хот болон Иркутскийн бүс нутгийн хүн амын дунд халдварт өвчин дэгдэх эрсдэл байхгүй” гэжээ. Мөн талийгаач лабораторийн ажилтан тахлын эсрэг вакцин хийлгэсэн байсан бөгөөд ажиллаж байсан халдварт өвчний үүсгэгчийн эсрэг дархлаатай байсан гэж тус агентлаг мэдээлсэн байна. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч буй мэдээллийн ихэнх нь бодит байдалд нийцэхгүй гэж мэдэгдээд, олон нийтэд Роспотребнадзорын албан ёсны мэдээлэлд итгэхийг уриалжээ.
Тэгвэл АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Sky News агентлагт мэдээлэхдээ, Вашингтон уг хэргийн талаар Оросын Засгийн газраас нэмэлт мэдээлэл авах хүсэлт тавьсан гэж мэдэгдсэн байна.
Мөн Песков АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар энэ асуудлаар “тун удахгүй” ярилцана гэж Д.Трамп өмнө нь мэдэгдсэн ч одоогоор хоёр улсын төрийн тэргүүний хооронд утасны яриа товлогдоогүй гэж хэлжээ. Үүний зэрэгцээ орон нутгийн иргэд эрх баригчид нөхцөл байдлын талаар хангалттай мэдээлэл өгөхгүй байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.
Шелехов хотын оршин суугч Наталья Sky News-т мэдээлэхдээ, тус хотын эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасгийн хөл хориог 10 дугаар сарын 12 хүртэл сунгасан бөгөөд өвчтөнүүдэд өдөр бүр шинжилгээ хийж, антибиотик эмчилгээ үзүүлж байгаа гэжээ. Харин Эрхүү хотын оршин суугч Надежда эрх баригчид нөхцөл байдлын талаар ил тод мэдээлэл өгөхгүй байгаа нь цуу яриа тархах шалтгаан болж байна гэж үзэж байна гэжээ.
Тэрээр, “Мэдээж, яг юу болсон, хэр аюултай болохыг маш их мэдэхийг хүсэж байна. Гэвч харамсалтай нь бидэнд тийм мэдээлэл алга. Тиймээс таамаглал, цуу яриа тархаж, энэ нь нөхцөл байдлыг намжаахгүй байна” гэж ярьжээ. Мөн тэрээр COVID-19 цар тахлын дараа хүмүүс халдварт өвчинтэй холбоотой эрсдэлийг өмнөхөөсөө өөрөөр хүлээж авдаг болсон бололтой хэмээн хэлсэн байна.
Эх сурвалж: Sky news