Ж.Төмөрсүх: Идэш тэжээлийн хомсдолд орсон баавгай ичихгүй, илүү аюул учруулж болзошгүй. Гэхдээ тэднийг бүгдийг устгах бус барьж хориод, тэжээх нь зөв /ВИДЕО/

Ж.Төмөрсүх: Идэш тэжээлийн хомсдолд орсон баавгай ичихгүй, илүү аюул учруулж болзошгүй. Гэхдээ тэднийг бүгдийг устгах бус барьж хориод, тэжээх нь зөв /ВИДЕО/

Манай улсад энэ жил баавгай сууршлын бүсэд орж ирэх тохиолдол эрс нэмэгдэж, энэ сарын 8-нд Баянзүрх дүүргийн Улиастайн аманд баавгай гэрт дайран орж, нэг хүний амь насыг хохироож, нэг хүнийг гэмтээсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Баавгайн идэш тэжээлийн хомсдол, хүн амьтны зөрчлийг хэрхэн зохицуулах асуудал анхаарал татаж буй энэ үед бид иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл өгөх зорилгоор Хөвсгөл аймгийн хойд Улаан тайга, Дархадын хотгор орчимд ажилладаг байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхтэй ярилцлаа.

ВИДЕО:

-ЭНЭ ЖИЛ БААВГАЙН ИДЭШ ТЭЖЭЭЛ ХАРЬЦАНГУЙ ХОМС БАЙНА-

-Та энэ зуны турш тайгад ажиллаж, баавгайн амьдрах орчин, идэш тэжээлийн нөхцөл байдлыг ажигласан байна. Энэ жилийн хувьд ямар өөрчлөлт ажиглагдав?

-Би тавдугаар сарын 28-наас наймдугаар сарын 10 хүртэл бараг тайгад амьдарч, баавгайн амьдрах орчинд ажилласан. Энэ хугацаанд ажиглахад өмнөх жилүүдтэй харьцуулахад идэш тэжээлийн хувьд тааруу байдал ажиглагдсан. Баавгай зуны улиралд өвслөг ургамал, ногоон ургамал иддэг. Долдугаар сараас наймдугаар сард жимсээр хооллож, есдүгээр сараас самар унаж эхлэхээр самар иддэг. Өөрөөр хэлбэл, улирлаас хамааран идэш тэжээл нь өөрчлөгддөг амьтан. Энэ жил тайгад нэрс бага ургасан. Аньс зарим газарт бага зэрэг ургасан байсан бөгөөд баавгайн бааснаас аньсны үлдэгдэл ажиглагдсан. Харин хуш модны самар голын эх орчмын намхан, тачир модод бага зэрэг ургасан болохоос том модод самар төдийлөн ургаагүй.

Ер нь тайгад самар жил бүр элбэг ургадаггүй. Харин жимс харьцангуй хүртээмжтэй байдаг. Гэтэл энэ жилийн хувьд жимс, самрын гарц тааруу байгаа нь баавгайн идэш тэжээлд нөлөөлж байна гэж ажигласан. Баавгай тайгад зөвхөн жимс, самраар хооллодоггүй. Өөр олон төрлийн идэш тэжээл хайж, амьдардаг орчноосоо илүү том газар нутгаар явдаг. Идэш тэжээл хомсдохоор хоолоо хайж хол явах шаардлагатай болж, улмаар бусад баавгайтай тааралдах нь нэмэгддэг.

-Баавгайнууд хоорондоо тааралдах нь ямар эрсдэл дагуулдаг вэ?

-Баавгай ерөнхийдөө ганцаараа явдаг, хүчирхэг амьтан. Том баавгай өөрийн эзэмшлийн нутагт бусад баавгайтай тааралдах үед зөрчил үүсэх боломжтой. Ялангуяа бамбарууштай эх баавгай том баавгайтай таарвал эрсдэлтэй. Эх нь бамбаруушаа хамгаалахын тулд том баавгайтай ноцолдох нөхцөл үүсэж болно. Энэ үед бамбарууш холдож, эхээсээ төөрөх эрсдэлтэй. Энэ жил бамбарууштай баавгайнууд ажиглагдаж байгаа. Манай хариуцсан бүсэд одоогоор харьцангуй гайгүй байгаа ч цаашид нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг хэлэхэд хэцүү. Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан баавгайнууд илүү том газар нутгаар явах шаардлагатай болж байгаа нь хоорондоо зөрчилдөх нөхцөлийг нэмэгдүүлж болзошгүй.

-ХӨВСГАЛ АЙМАГТ ГЭХЭД Л АЙЛЫН ОЙРОЛЦОО БААВГАЙ ҮЗЭГДСЭН ДОЛООН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН-

-Таны хариуцан ажилладаг Хөвсгөл аймгийн нутагт баавгай суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдол хэр их байна вэ?

-Хөвсгөл аймгийн хойд Улаан тайга болон Дархадын хотгорын Улаан тайга орчмын бүсэд хариуцаж ажилладаг. Сүүлийн үед баавгайтай холбоотой асуудал олны анхааралд орсноос хойш айл өрхийн ойролцоо баавгай үзэгдсэн тохиолдлууд бүртгэгдэж байна. Манай хариуцсан бүсэд уулнаас нөгөө уул руу шилжин явахдаа айлын ойролцоо үзэгдсэн долоон тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс гадна бүртгэгдээгүй тохиолдол ч байж болно. Харин Баянзүрх сумын орчимд айлын мал руу орж, хонь, ямаанд халдсан нэг, хоёр тохиолдол гарсан. Өмнөх жилүүдэд баавгай суурьшлын бүсэд ойртож, айл өрхийн дундуур явж байгаа тохиолдол харьцангуй цөөн байсан. 2022 онд Хөвсгөл аймагт баавгайтай холбоотой ийм тохиолдол гарч, тухайн үед гурван бамбарууш баригдаж, тэжээгдэж байсан. Түүнээс хойш баавгай суурьшлын бүсэд үзэгдэх нь бараг байгаагүй гэж хэлж болно. Мэдээж хавар мал төллөх үеэр болон бусад үед малын ойролцоо ганц нэг баавгай үзэгдэх тохиолдол гардаг. Гэхдээ байгалийнхаа жамаар явж байгаад хааяа тааралдах, суурьшлын бүсэд ойртон айл өрхийн дундуур явах хоёр өөр нөхцөл юм.

-Саяхан баавгай айлын гэрт орж, хоёр хүн рүү халдсаны улмаас нэг хүн амиа алдаж, нөгөө нь хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарлаа. Баавгай ямар тохиолдолд хүн рүү дайрдаг вэ?

-Одоогоор яг юу болсон талаар би тодорхой хэлж мэдэхгүй байна. Гэмтсэн хүний бие сайжирч, болсон явдлыг ярих боломжтой болбол тухайн үед юу болсныг илүү тодорхой мэдэж болох байх. Тэнд болсон явдлыг нүдээр харсан хүн байхгүй учраас одоогоор шууд дүгнэхэд хэцүү.

Миний ажигласнаар баавгай гэрийн ойролцоо эргэлдэх, гэрийн хаяагаар явах, мал руу ойртох тохиолдол бий. Ийм үед хүмүүс сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Ялангуяа шөнийн цагаар баавгай ойртож болзошгүй орчинд байгаа бол ээлжлэн харж, орчноо анхаарах нь зүйтэй. Гэрт хоол хүнс, хоолны үлдэгдлийг ил задгай орхивол үнэрт нь татагдан баавгай ойртож болзошгүй. Баавгай үнэрлэх чадвар сайтай амьтан учраас хоол хүнс болон бусад үнэртэй зүйлээ ил задгай байлгахгүй байх хэрэгтэй. Баавгай гэрт орсон үед хүнтэй гэнэт нүүр тулан таарах эрсдэл үүснэ. Өөрийгөө аюулд орлоо гэж мэдэрсэн үедээ хамгаалах зан авир гаргаж болно. Гэхдээ энэ удаагийн хэрэг яг ямар шалтгаанаар гарсныг мэдэхгүй учраас баавгайг шууд тодорхой шалтгаанаар дайрсан гэж хэлэх боломжгүй.

-БААТГАЙТАЙ ТУЛСАН ҮЕД УУРЫГ НЬ ХҮРГЭХГҮЙ, ӨӨРТ ОЙРХОН БАЙГАА ЗҮЙЛЭЭРЭЭ БИЕЭ ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ-

-Баавгай суурьшлын бүсэд ойртож байгаа энэ үед иргэд, малчид юуг хамгийн түрүүнд анхаарах ёстой вэ?

-Баавгай бол чоно шиг мал руу шууд дайрдаг амьтан биш. Ерөнхийдөө тайван, дөлгөөн зан авиртай. Өөрийн замаар явж байгаад хүнтэй таарсан ч ихэнхдээ зөрөөд өнгөрдөг. Гэхдээ өөрийгөө хамгаалах шаардлагатай гэж мэдэрвэл аюултай болж болно. Хамгийн чухал нь баавгайтай таарсан үед ойртохгүй, зайгаа барих хэрэгтэй. Ялангуяа гурваас таван метрийн дотор ойртвол баавгай өөрийгөө хамгаалах зан авир гаргах эрсдэлтэй. Тиймээс зориуд ойртох, цочоох, буланд шахах, хөөж туух зэргээр өдөөн хатгаж болохгүй. Баавгайд тайван холдох боломж олгох хэрэгтэй. Мөн баавгай идэвхтэй үзэгдэж байгаа газраас аль болох зайлсхийх нь зүйтэй. Шаардлагагүй бол тухайн бүс рүү явахгүй байх, хоол хүнс болон үнэртэй зүйлээ ил задгай орхихгүй байх хэрэгтэй. Байгалийн орчинд хоолны үлдэгдэл хаях нь баавгайг хүнтэй ойртоход хүргэж болзошгүй.

Малчид хоорондоо холбоотой байж, ойр орчимд баавгай үзэгдсэн тохиолдолд бусдадаа мэдээлэх нь чухал. Шөнө нохой хуцаж, мал үргэх эсвэл хотонд баавгай ойртсон шинж тэмдэг илэрвэл ганцаараа очиж шалгахын оронд бусдад мэдэгдэж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Гэрийн гаднах болон малын хотны орчны гэрэлтүүлгийг сайжруулах нь ч мөн тустай. Гэхдээ баавгайг үргээх зорилгоор гал гаргах, зэвсэг хэрэглэх зэрэг арга хэмжээг нөхцөл байдлыг харгалзалгүйгээр дур мэдэн авч болохгүй.

Хэрэв баавгайтай таарвал эрсдэлтэй үйлдэл хийхгүй, аюулгүй зай барьж, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлэх хэрэгтэй. Сүүлийн үед баавгайн талаар ярихдаа чоно зэрэг бусад амьтны зан авиртай хольж ойлгох тохиолдол байна.

Гэтэл эдгээр амьтны зан төлөв, аюул тулгарсан үед гаргах үйлдэл өөр. Тиймээс иргэд зөв мэдээлэлтэй байж, баавгайтай таарсан үед хэрхэн биеэ авч явахаа мэддэг байх шаардлагатай.

-Баавгай гэрийн ойролцоо үзэгдэх, шөнийн цагаар айлд ойртох эрсдэлтэй үед урьдчилан сэргийлэхийн тулд өөр юуг анхаарах вэ?

-Баавгай хэзээ, хаана гарч ирэхийг урьдчилан мэдэх боломжгүй. Тиймээс өдөр, шөнийн аль ч үед сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.

Ялангуяа баавгай үзэгдсэн бүсэд хонож байгаа малчид орчноо анхаарч, ойр орчмын айл өрхтэй мэдээлэл солилцож байх нь чухал. Хүн өөрийн үйлдлээр эрсдэл үүсгэхгүй байх ёстой. Хоол хүнсний үлдэгдэл, үнэртэй зүйлээ ил задгай орхихгүй, баавгайг өөртөө татах нөхцөл бий болгохгүй байх хэрэгтэй. Баавгайтай таарсан үед зураг авах, ойроос ажиглах гэж дөхөх нь ч эрсдэлтэй.

Хамгийн гол нь баавгайг хөөж туух, өдөөх, өөрт нь ойртохгүй байх юм. Аюулгүй байдлаа нэгдүгээрт тавих хэрэгтэй.

-СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН БАМБАРУУШИЙГ ТЭЖЭЭХ ХЭРЭГТЭЙ-

-Баавгай ичээндээ орохгүй байх магадлалтай гэж та үзэж байна уу? Хэрэв идэвхтэй хэвээр байвал хүн, малд учруулах эрсдэлийг хэрхэн бууруулах шаардлагатай вэ?

-Миний бодлоор баавгайтай холбоотой энэ асуудал ойрын хугацаанд анхаарал татсан хэвээр байх болов уу. Цаашид нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй байна. Ирэх 15 орчим хоногийн хугацаанд баавгайн идэвхжил, нөхцөл байдлын талаар илүү тодорхой ойлголттой болж магадгүй.

Юуны өмнө өнчин бамбарууштай холбоотой асуудлыг шийдэх хэрэгтэй. Өнчин бамбаруушийг барьж аваад өөр газар тавих төдий арга хэмжээ хангалтгүй. Дахин өөр газар очиж, хүн суурьшсан орчинд үзэгдэх эрсдэлтэй. Тиймээс өнчин бамбаруушийг хэрхэн асран хамгаалах, хаана байршуулах талаар тодорхой бодлого, шийдэл хэрэгтэй байна. Хоёрдугаарт, суурьшлын бүсэд үзэгдэж байгаа том болон өсвөр насны баавгайн нөхцөл байдлыг зөв үнэлэх шаардлагатай. Хэрэв баавгай туранхай, идэш тэжээлийн хомсдолд орсон байвал түүнийг хэрхэн аюулгүй барих, тохиромжтой газар шилжүүлэх боломжтойг мэргэжлийн байгууллагууд судлах хэрэгтэй. Баавгайг барьж аваад өөр газар тавихдаа зөвхөн тухайн газраас холдуулахыг зорих бус, цаашид амьдрах орчин, идэш тэжээлийн нөхцөлийг нь харгалзах ёстой. Үүнийг мэргэжлийн байгууллагууд болон холбогдох хүмүүс хамтран шийдэх шаардлагатай.

Хамгийн гол нь баавгай хүн суурьшсан газарт үзэгдсэн гэдэг шалтгаанаар шууд устгах шийдвэр гаргахгүй байх хэрэгтэй гэж бодож байна. Аль болох амьтныг хамгаалах, хүний аюулгүй байдлыг хангах, асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэх чиглэл баримтлах нь зүйтэй.

-Тэгэхээр баавгайтай холбоотой асуудлыг шийдэхдээ зөвхөн тухайн амьтныг суурьшлын бүсээс холдуулах бус, цаад шалтгааныг нь анхаарах хэрэгтэй гэсэн үг үү?

-Тийм. Баавгай яагаад суурьшлын бүсэд ойртож байгааг, идэш тэжээлийн нөхцөл ямар байгааг, тухайн амьтны нас, биеийн байдал ямар байгааг харгалзах хэрэгтэй. Нэг газраас холдууллаа гээд асуудал бүрэн шийдэгдэхгүй. Дахин өөр газар очиж, хүнтэй таарах эрсдэл бий. Тиймээс мэргэжлийн байгууллагууд нөхцөл байдлыг бодитой үнэлж, шаардлагатай арга хэмжээг зөв төлөвлөх нь чухал. Ингэснээр хүн, малын аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ зэрлэг амьтныг хамгаалах боломжтой гэж бодож байна.

Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө