Одоогоос 58 жилийн өмнө буюу 1968 оны аравдугаар сарын 20-ны энэ өдөр монголчууд олимпын анхны медальтнаа өлгийдөн авч Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээсэн билээ.
Тодруулбал, 1968 онд 16 тамирчин Мексикийн Мехико хотыг зорьж, аравдугаар сарын 20-ны өдөр чөлөөт бөхийн төрлөөр хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат мөнгө, Ч.Дамдиншарав, ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, гавьяат тамирчин Т.Артаг нар хүрэл медаль хүртжээ. Улмаар112 орон оролцсон тус олимпоос Монгол Улс 27 дугаар байрт орж байв. Тэр дундаа чөлөөт бөхийн 52 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав Монголын багийн анхны медалийг хүртсэн нь хүрэл байлаа. Түүнийг Монгол Улсын алтан соёмбот далбаагаа олимпын тэнгэрт анх мандуулснаас хойш дахин гурван удаа төрийн далбаа Мехикод мандав. Хагас зуун жилийн тэртээ Мексикээс авчирсан дөрвөн тамирчны олимпын анхны медалийн замналаар Монголын тамирчид хүн төрөлхтөний спортын хамгийн том баяр наадмаас медалийн буухиаг үргэлжлүүлсээр явна.
Монголын баг тамирчид зуны олимпын наадмаас нийт 2 алт, 12 мөнгө, 17 хүрэл, нийт 31 медаль аваад байна. Монголчууд медаль хүртэж байсан чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага гэсэн дөрвөн төрөл бий. Одоогийн байдлаар Монгол Улсын жүдочид 12, чөлөөтийнхөн 10, боксчид 7, буудлагынхан 2 медаль хүртжээ.