Шахмал түлш борлуулах цэгүүдийн 55.6 хувь нь түлшгүй, эсвэл нөөц багатай байна

Шахмал түлш борлуулах цэгүүдийн 55.6 хувь нь түлшгүй, эсвэл нөөц багатай байна

Нийслэлийн гэр хорооллын шахмал түлш борлуулах цэгүүдийн 55.6 хувь нь түлшгүй, эсвэл маш бага нөөцтэй байгааг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын тандалт судалгаагаар тогтоожээ.

Тус газраас 2026-2027 оны галлагааны улиралд шахмал түлшний нөөц, түгээлтэд тандалт судалгаа хийсэн бөгөөд дүнг аравдугаар сарын 23-нд “Тавантолгой түлш” ХХК болон нийслэлийн холбогдох удирдлагуудад танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.

Энэ галлагааны улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг нийт 427.4 мянган тонн шахмал түлшээр хангахаар төлөвлөжээ. Аравдугаар сарын 22-ны байдлаар 51.2 мянган тонн түлшний нөөц бүрдүүлсэн байв. Гэвч тандалт судалгаагаар түлш борлуулах 446 цэгийн 168 нь нөөцгүй, 80 цэг нь 1-50 ширхэг түлшний үлдэгдэлтэй байжээ.

Иймд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Даваасүрэнд түлшний нөөцийг иргэдийн эрэлт, борлуулалтын цэгүүдийн ачаалалтай уялдуулан хуваарилах, тээвэрлэлт, түгээлтийг шуурхай зохион байгуулах чиглэл өгсөн байна. Мөн Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатарт “Хотула” аппликэйшны мэдээллийг dashboard.gov.mn системтэй нэгтгэж, түлшний нөөц, түгээлт, борлуулалтыг бодит цагт хянах боломж бүрдүүлэх, холбогдох мэдээллийг нээлттэй болгох үүрэг өгчээ.




Өнөөдөр хонь өдөр

5 цагийн өмнө