Хүүхдийн эрт илрүүлгийн хариуг E-Mongolia, E-Kids системээр авах боломжтой

Хүүхдийн эрт илрүүлгийн хариуг E-Mongolia, E-Kids системээр авах боломжтой

Улсын хэмжээнд энэ сарын 1-нээс зохион байгуулж буй хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгт өнөөдрийн байдлаар 3, 6, 11, 15 насны 286 мянган хүүхдийн 178 мянга буюу 62.2 хувь нь хамрагджээ.

Үзлэгээр хүүхдийн өсөлт, хөгжил, хараа, зүрхний үйл ажиллагаа, нурууны муруйлт, сэтгэцийн болон амны хөндийн эрүүл мэнд, хөгжлийн онцлогтой холбоотой эрсдэлийг илрүүлж байна. Тухайлбал, гурван настай хүүхдийн өсөлт, хөгжлийг нарийвчлан үнэлж, хэл яриа, хөдөлгөөн, танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжлийн хоцрогдол болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг илрүүлэн, шаардлагатай эмчилгээ, тусламж үйлчилгээнд холбож байгаа аж.

Мөн хүүхдийн үзлэгийн дүн, эрүүл мэндийн зөвлөмжийг E-Mongolia, E-Kids системээр дамжуулан эцэг эх, асран хамгаалагчдад хүргэх юм. Эрсдэл илэрсэн тохиолдолд дараагийн шатны үзлэг, оношилгоо, эмчилгээнд хамруулах талаар зөвлөгөө, зөвлөмж өгөх шаардлагатайг онцолжээ.

Ингэснээр хүүхдийн эрүүл мэндийг ураг байх үеэс эхлэн нярай, бага нас, цэцэрлэг, сургуулийн нас хүртэл тасралтгүй хянаж, өсөлт хөгжилтийг нь дэмжих боломж бүрдэх юм.

Энэ хүрээнд Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал сургууль, цэцэрлэгт суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн явцтай танилцжээ. Тэрбээр хүүхдийн эрүүл мэнд нь зөвхөн нэг салбарын асуудал бус, Засгийн газар, эрүүл мэнд, боловсролын байгууллага, эцэг эх, асран хамгаалагчдын хамтын хариуцлага гэдгийг онцолсон байна. Мөн эрт илрүүлгийн үр дүнг зөвхөн хамрагдалтын тоогоор хэмжих бус, илэрсэн эрсдэлийг арилгаж, бодит үр дүнд хүрэхэд анхаарах шаардлагатайг тэмдэглэжээ. Тиймээс эрсдэл илэрсэн хүүхэд бүрийг оношилгоо, эмчилгээ, сэргээн засах үйлчилгээ болон цаашдын хяналтад бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй гэв.




Өнөөдөр бич өдөр

9 цагийн өмнө