Венесуэлийн сөрөг хүчний удирдагч, Нобелийн энх тайвны шагналт Мария Корина Мачадо олон сар эх орноосоо гадуур байсны эцэст ням гараг /2026.10.25/-т эх орондоо эргэн ирсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
М.Мачадо “Би энд байна. Та бүхэнтэй хамт” хэмээн X нийгмийн сүлжээнд бичжээ. Тэрбээр өмнө нь эх орондоо буцаж ирэхийг хэд хэдэн удаа оролдсон ч бүтэлгүйтэж байсан аж. М.Мачадо эх орондоо эргэн ирсэн нь Венесуэлийн улс төрийн нөхцөл байдал хурцадмал хэвээр байгаа үед тохиож байгаа аж. Түүний холбоотон, 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнийг төлөөлөн өрсөлдсөн Эдмундо Гонсалес энэ үйл явдлыг ардчиллын төлөөх тэмцэлд чухал алхам хэмээн тодорхойлжээ.
М.Мачадо 2023 онд сөрөг хүчний ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалтад 90 гаруй хувийн санал авч ялсан боловч Н.Мадурогийн засгийн газар түүнийг сонгуульд нэр дэвших эрхгүй болгосон юм.
Улмаар 2024 оны сонгуульд түүний холбоотон Гонсалес өрсөлдсөн ч эрх баригчид Н.Мадурог ялсан гэж зарласан нь маргаан дагуулж, сөрөг хүчнийхэн Гонсалесыг ялсан хэмээн мэдэгдэж байсан юм. М.Мачадо Нобелийн энх тайвны шагнал хүртэхээр Норвеги руу явахын өмнө Венесуэлд нууц байршилд орогнож байсан бөгөөд эх орондоо эргэн ирэх боломж нь АНУ-ын дэмжлэг, зөвшөөрлөөс хамаарч байсан гэж түүний ойрын хүрээнийхэн мэдээлжээ.
Тэрбээр цаашид улс төрийн ямар алхам хийх нь тодорхойгүй байна. Гэхдээ М.Мачадо өмнө нь сонгууль зохион байгуулагдвал ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. Түүний хэвлэлийн төлөөлөгч М.Мачадогийн эргэн ирэлтийг Венесуэлд ардчилсан шилжилт хийх, чөлөөт, шударга сонгууль явуулахад чиглэсэн томоохон алхам гэж тодорхойлжээ.
Эх сурвалж: BBC