Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Н.Баяртсайханд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг товлогдсон байна. Тодруулбал, прокуророос Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн бөгөөд тус шүүх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг маргааш буюу аравдугаар сарын 27-ны өдөр хийхээр товлосон байна.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.