Энхийг сахиулагчдад олгох томилолтын зардлын нэмэгдлийг олгоно

Энхийг сахиулагчдад олгох томилолтын зардлын нэмэгдлийг олгоно

НҮБ-аас цэрэг оролцуулагч улсын Засгийн газарт олгодог нөхөн төлбөрийн 80 хувийг энхийг сахиулагчдад томилолтын зардал хэлбэрээр олгож, үлдэх 20 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэх юм.

Ингэснээр энхийг дэмжих ажиллагааны цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчид Монгол Улсад авч буй үндсэн цалингаа 100 хувь хэвээр авахаас гадна, нэг жилийн хугацаанд авах нийт томилолтын зардал нь ойролцоогоор 1800 ам.доллароор нэмэгдэх боломж бүрдэж байна. Энэ нь үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдын орлогыг нэмэгдүүлэхээс гадна тэднийг эх орноосоо алс, урт хугацаанд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ар гэрийнхэнд нь очих санхүүгийн бодит дэмжлэгийг нэмэгдүүлж буй шийдвэр юм. НҮБ-аас энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цэргийн алба хаагчаа оролцуулсан улсын Засгийн газарт нөхөн төлбөр олгодог бөгөөд энэ нь ажиллагааны өмнөх бэлтгэл сургалт, дотоодын тээвэр, эрүүл мэндийн үзлэг, вакцинжуулалт, дүрэмт хувцас, материал хэрэгслийн хангалт зэрэгтэй холбоотой зардлыг хамардаг. Монгол Улс 2002 оноос НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэргийн алба хаагчдаа оролцуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 23700 орчим  цэргийн алба хаагч дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж, Монгол цэргийн мэргэжлийн ур чадвар, сахилга хариуцлага, тэсвэр хатуужлыг олон улсын тавцанд харуулсаар ирсэн. 2025–2026 онд үүргээ нэр төртэй гүйцэтгээд эх орондоо ирж буй энхийг сахиулагчид 80 хувьд хүргэн нэмэгдүүлсэн томилолтын зардлыг авах анхны алба хаагчид болж байна гэжээ.