Монополын эсрэг газраас шатахууны нийлүүлэлт, нөөц, түгээлтийн нөхцөл байдалд хяналт шалгалт хийж, хэрэглэгчдэд шатахуун олгоогүй болон хууль бус шан харамж авсан байж болзошгүй зөрчил илрүүлжээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Газ ойл нефт” ХХК-ийн Шадивлан-10 шатахуун түгээх станцад аравдугаар сарын 22-нд цахим орчинд нийтлэгдсэн иргэний гомдол, мэдээллийн дагуу шалгалт хийсэн байна. Шалгалтаар тус станц шатахууны нөөцтэй байсан ч хэрэглэгчдэд олгоогүй нь тогтоогджээ.
Мөн Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “Петровис” ХХК-ийн шатахуун түгээх станцад холбогдох хуулийн байгууллагатай хамтран шалгалт хийх үеэр зөрчил илэрсэн байна. Урьдчилсан байдлаар шатахууны эрэлт нэмэгдсэн үед нэр бүхий түгээгч хэрэглэгчдэд ялгавартай нөхцөлөөр үйлчилж, тодорхой этгээдэд давуу байдал олгосон, шатахуун түгээхтэй холбоотойгоор хууль бус шан харамж авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.