Сүхбаатар аймагт хавдрын 10 удаагийн мэс заслыг орон нутагтаа амжилттай хийжээ

Сүхбаатар аймагт хавдрын 10 удаагийн мэс заслыг орон нутагтаа амжилттай хийжээ

Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд хортой болон хоргүй хавдрын мэс заслыг орон нутагтаа хийдэг болжээ.

Энэ онд орон нутгийн төсвийн 152 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлж, мэс заслын үйл ажиллагаанд хэрэгтэй төсвийг шийдвэрлэсэн байна. Үүний хүрээнд элэгний хорт хавдрын хоёр, ходоод бүтэн болон хэсэгчлэн тайрах зургаа, бүдүүн гэдэсний хоёр буюу нийт 10 удаагийн хавдрын мэс заслыг амжилттай хийжээ. Мэс засал хийх эмч, мэргэжилтнүүдийг урьдчилан бэлтгэж, чадавхжуулах ажлыг үе шаттай зохион байгуулсан бөгөөд одоо ч нарийн мэргэжлээр суралцаж буй эмч, мэргэжилтнүүд байгаа аж.

Сүхбаатар аймагт хоол боловсруулах замын болон элэгний хавдрын өвчлөл улсын дунджаас дээгүүр байдаг бөгөөд хорт хавдар нь хүн амын нас баралтын зонхилох шалтгаануудын нэг юм. Энэ талаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Ариунаа “Оношлогдсон хавдрыг орон нутагтаа эмчилж, мэс заслаа хийдэг болсон нь олон давуу талтай” хэмээн хэллээ. Тэрбээр хавдрын өвчлөл олон хүчин зүйлээс хамаардаг ч иргэдийн хувьд эмнэлэгт хандах, оношлуулах хугацаа алдах тохиолдол элбэг байдгийг онцолсон байна.