16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн тавдугаар сард болж анхан шатны шүүхээс Ц.Дагвадоржид оноосон бүх насаар нь хорих ял, хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээж байсан.
Тэгвэл өчигдөр /2026.10.29/ 16 настай охины амийг онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хурлаар хаалттай хэлэлцэж, өнөөдөр шийдвэрээ танилцууллаа.
Шүүгдэгч Э.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг "гэмт хэргийн шинжгүй" хэмээн цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалтай тохирсон байна гэж үзэж, холбогдох шийдвэрийг хэвээр үлдээсэн бол Х.Энхсайханыг "16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох" гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж үндэслэн цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Мөн Э.Номин-Эрдэнийг Амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэн, цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.