Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Баян-Өлгий аймгийн Сагсай, Өлгий, Цэнгэл, Алтай сумын удирдах албан тушаалтнууд болон нийтийн албан тушаалтан нийт зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгажээ.
Улмаар хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар энэ сарын 21-нд прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Тодруулбал, Сагсай сумын удирдах албан тушаалтан С.А нь иргэнийг ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан гэх хэрэгт холбогджээ. Харин Өлгий сумын удирдах албан тушаалтан Б.Т нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснээр байгууллагад хохирол учруулсан гэх хэрэгт шалгагдсан байна. Мөн Цэнгэл сумын удирдах албан тушаалтан Ж.А нь бусдад давуу байдал бий болгож, байгууллагад 51.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх, Алтай сумын удирдах албан тушаалтан Х.С, нийтийн албан тушаалтан Х.Х нар нь байгууллагын төсвөөс удаа дараа өөртөө болон хамаарал бүхий этгээдүүдийн дансаар их хэмжээний мөнгө шилжүүлэн авсан гэх, Нийтийн албан тушаалтан А.З нь хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ явуулах үедээ эрүүгийн хэрэгт холбогдогчоос хахууль авсан гэх үйлдэлд тус тус холбогджээ. Дээрх үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн 22.1, 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.