АНУ-ын Орегон мужийн Макминнвилл хотын нисэх буудлын ойролцоо хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлдсөний улмаас гурван хүн амиа алдсан талаар орон нутгийн албаныхан мэдээлжээ.
Ослын хэрэг пүрэв гарагийн үдээс хойш Макминнвилл хотын нисэх буудлын ойролцоо гарсан байна. Robinson R22 болон Airbus загварын хоёр нисдэг тэрэг мөргөлдсөний дараа хурдны замын хажуугийн талбайд унаж сүйрчээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, Robinson R22 нисдэг тэргэнд 22 настай нислэгийн багш Мэдди Аасбо болон Их Британийн нисгэгчийн сургалтад хамрагдаж байсан нэгэн суралцагч зорчиж явсан бөгөөд хоёулаа амиа алдсан байна. Харин Airbus нисдэг тэргийн цорын ганц зорчигч болох Орегон мужийн Ньюберг хотын оршин суугч, 38 настай Тайлер Делейн Стурдевант мөн амь үрэгджээ.
Их Британийн иргэн суралцагчийн нэрийг ар гэрийнхэнд нь мэдэгдэж дуусаагүй байгаа тул одоогоор олон нийтэд зарлаагүй байна. Энэ хүрээнд эрх баригчид Их Британийн консулын газар болон Холбооны мөрдөх товчоо (FBI)-той хамтран ажиллаж байгаа аж. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна. АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA) болон Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл (NTSB)-ийн мэргэжилтнүүд хэргийн газарт ажиллаж, ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Ослод холбогдсон нисдэг тэрэгнүүдийн нэгийг Макминнвилл хотын нисэх буудалд байрладаг нисгэгч бэлтгэх төв болох “Jerry Trimble Helicopters” компанийн үйл ажиллагаанд ашигладаг байжээ. Тус компани мэдэгдэлдээ, “Манай нэг нисдэг тэрэг өнөөдөр үдээс хойш гарсан нисэхийн осолд холбогдсонд гүнээ харамсаж байна. Бид мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн хамтран ажиллаж байна” хэмээжээ.
Эх сурвалж: BBC