АНУ-ын завсрын сонгууль маргааш болж, Конгрессын хоёр танхимын шинэ бүрэлдэхүүнийг сонгоно

АНУ-ын завсрын сонгууль маргааш болж, Конгрессын хоёр танхимын шинэ бүрэлдэхүүнийг сонгоно

АНУ-ын 2026 оны завсрын сонгууль маргааш буюу арваннэгдүгээр сарын 3-нд болно. Энэ удаагийн сонгуулиар Конгрессын Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 100 суудлын 35-ын төлөөх өрсөлдөөн явагдахаас гадна 36 мужийн захирагчийг сонгоно.

Завсрын сонгууль нь Ерөнхийлөгчийн дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацааны дунд үед болдгоороо онцлог. Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны үлдсэн хоёр жилийн хугацаанд Конгрессын хоёр танхимд аль нам олонх болох нь шийдэгдэнэ. Одоогоор Бүгд найрамдахчууд Сенатад 53:47 харьцаатай олонхыг бүрдүүлж байгаа бол Төлөөлөгчдийн танхимд мөн олонх суудалтай байна. Ардчилсан намынхан хоёр танхимд олонх болохын төлөө өрсөлдөж байгаа юм.

Энэ удаагийн сонгуулийн кампанит ажлын гол сэдвүүдийн нэг нь амьжиргааны өртгийн өсөлт, инфляц, Ирантай холбоотой дайн болон Ерөнхийлөгч Трампын бодлого болжээ. Сонгогчид мөн цагаачлал, эрүүл мэнд, татвар, үр хөндөлтийн эрх зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлэх юм. Үүнээс гадна 36 мужийн захирагчийг сонгох бөгөөд мужуудын хууль тогтоох байгууллагын сонгууль, орон нутгийн санал хураалтууд мөн зэрэгцэн явагдана.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн сонгуульд 100 сая гаруй америк хүн санал өгөх төлөвтэй байна. Харин арваннэгдүгээр сарын 3-ны сонгуулийн шөнө бүх саналын дүн бүрэн гарахгүй байх магадлалтай бөгөөд зарим мужид санал тоолох ажиллагаа хэд хоног үргэлжилж болзошгүй. 

Эх сурвалж: Reuters