УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Төрийн ордонд сэтгүүлчдэд ярилцлага өгч байх үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах Б.Ичинхорлоо түүний биед халдсан, халдаагүй гэх маргаан өнгөрсөн долоо хоногт үүсэж, олон нийтийн анхаарлыг татсан.
Энэ талаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг “Сэтгүүлчид ярилцлага өгч байхад Б.Найдалаа гишүүний туслах миний ярьж буй мэдээллийг эсэргүүцэж, улмаар бичлэг хийхээр утсаа гаргаж ирэхэд гар руу нь цохисон” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр уг асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд хандсан гэдгээ мөн хэлж байв. Тэгвэл М.Энхцэцэг гишүүн тухайн үед Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Даваасүрэнтэй биечлэн уулзсан боловч одоогоор албан ёсны хүсэлтээ гаргаагүй, уг асуудлыг тодруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн биед халдсан асуудлаар Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын дарга С.Бямбацогт байр сууриа илэрхийлж "УИХ-ын албан үүргээ гүйцэтгэж байхдаа хуульд зааснаар хэнтэй ч уулзах, шаардлагатай мэдээллээ авах бүрэн эрхтэй байдаг. УИХ-ын гишүүний халдашгүй байдал бол хувийн давуу эрх олгож байгаа хэрэг биш. Энэ бол гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хэн ч саад болохгүй гэдгийг л хуульчилсан. Тиймээс хуулиа сахиж хуулиа биелүүлж ажиллацгаая. Б.Найдалаа гишүүн туслахдаа холбогдох арга хэмжээг авах ёстой. Шаардлагатай бол УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо энэ асуудлыг авч хэлэлцэх ёстой" хэмээсэн юм.