О.Цогтгэрэл: Оюутолгойн 3 их наяд төгрөгийн төлбөр ногдол ашиг мөн эсэхэд Засгийн газар хариулт өгөх ёстой

О.Цогтгэрэл: Оюутолгойн 3 их наяд төгрөгийн төлбөр ногдол ашиг мөн эсэхэд Засгийн газар хариулт өгөх ёстой

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2026.11.05/ ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, Монголын талд өгөхөөр яригдаж буй гурван их наяд төгрөг нь ногдол ашиг мөн эсэхийг Засгийн газар тодорхой болгох шаардлагатай гэв. Тэрбээр “Яг үнэндээ гурван их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдэг дээр Засгийн газар хариулт өгөх ёстой. Энэ мөнгийг жил бүр авах байр суурийг хөрөнгө оруулагч талаас илэрхийлсэн үү гэдгийг тодотгох хэрэгтэй. Одоогоор 'Рио Тинто' групп албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна. Нэг удаагийн төлбөр Монгол Улсын Засгийн газарт өгөхөөр санал болгосон байх магадлалтай” хэмээн ярилаа. Мөн тэрбээр нэг удаагийн төлбөр санал болгосон бол үүний хариуд ямар нэгэн тохиролцоо хийсэн байх магадлалтайг дурдаж, Оюутолгойн ордын 30 хувьтай тэнцэх хэмжээний нөөцтэй гэх “Онтре”-гийн тусгай зөвшөөрөлтэй ордтой холбоотой асуудлыг анхаарах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн АН-ын зүгээс Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүртээх асуудлыг Баялгийн сангаар дамжуулан шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн хөрөнгө, орлоготой холбоотой хэвлэлээр гарч буй мэдээлэлд тайлбар өгөх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлж, хуулийн байгууллагуудыг уг асуудалд хариулт өгөхийг уриаллаа.