УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн энэ оны гуравдугаар сард хийсэн мэдэгдэлд ямар нэгэн баримт нотолгоо байгаагүй хэмээн шүүмжилсэн юм. Б.Энхбаяр “Энэ оны гуравдугаар сард Л.Оюун-Эрдэнэ ингэж л ярьж байсан. Ямар ч баримт байхгүй. Бичлэг байгаа гэж яриад, хуулийн байгууллага дээр очихоор бичлэг нь байхгүй болчихдог. Авлигын баримт нь хаана байгаа юм бэ гэхээр А.Амундра тэгж ярьсан гэдэг. Өөр ямар ч эх сурвалж байхгүй. А.Амундра нь Л.Оюун-Эрдэнийн хүн байсан. ‘Бодь интернэшнл’ компанийн захирал байсан. Миний дуудсан сонсголд ирээгүй. Зугтаад алга болчихсон. ‘Монгол хаан’ жүжгийн продюсер. ‘Монгол хаан’ жүжиг рүү Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын оруулж ирсэн 20 сая ам.долларын санхүүжилтээс авсан байж болзошгүй үйлдлийн баримтыг нь би гаргасан” гэв.
Мөн тэрбээр “Бодь интернэшнл” компанитай холбоотой сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 21-нд бүтэн явагдсан. Бүх үйл явдал нь байгаа. Өчигдөр Х.Нямбаатар хэд хэдэн зүйл худлаа ярьсан. Өөрийг нь УИХ-ын нүүрсний түр хорооноос шахан зайлуулсан юм шиг ярьсан. Өөрөө хотын дарга болсон. Хэн ч энэ хүнийг түр хорооны даргаас буулгаагүй. Хууль зүйн сайдаас ч буулгаагүй. Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатараас мундаг хүн Монголд байхгүй гээд хотын дарга болгосон” хэмээн ярив.