Монгол Улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад огцом өсөж буй нь иргэдийн амьдралд хүнд цохилт болж байна.
Тухайлбал, ҮСХ-оос гаргасан арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн тайланд дурдсанаар Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2 хувь, өмнөх долоо хоногоос 0.4 хувиар өссөн байна. Тодруулбал, дизель түлшний үнэ өмнөх сараас 14.2 хувиар өсөж, нэг литр нь 5,700 төгрөг болсон бол АИ-92 автобензиний үнэ 4.2 хувиар нэмэгдэж, 3,592 төгрөгт хүрсэн байна. Мөн төмсний үнэ 6.7 хувиар өсөж, нэг килограмм нь 2,310 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.3 хувиар нэмэгдэж, 34,422 төгрөг, өндөгний үнэ 1.1 хувиар өсөж, нэг ширхэг нь 627 төгрөг болжээ. Харин задгай сүүний үнэ 0.3 хувиар нэмэгдэж, литр нь 5,358 төгрөг болсон байна.
Хэрэглээний үнийн индексэд оны II улиралд махны үнэ гол нөлөөлж байсан бол III улирлаас олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Ингээд жилийн өөрчлөлтөөр нь харвал хүнс болон барааны бүлгийн үнийн өсөлт хоёр дахин эрчимжсэн байна.
Тэгвэл Монголбанкны мэдээллээр аравдугаар сард инфляц өмнөх сарынхаас өсөхөд шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлсөн бөгөөд нийт инфляцын 2.8 нэгж хувийг бүрдүүлжээ. Түүнчлэн шатахуунаас бусад импортын барааны бүлгийн инфляц 5.4 хувьд хүрч, өмнөх сараас 0.5 нэгж хувиар нэмэгдсэн байна. Үүнд өвлийн хувцасны үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Мөн Монголбанк инфляцын өсөлтөд нийлүүлэлтийн шалтгаантай хүчин зүйлс, тэр дундаа махны үнэ болон ОХУ-ын шатахууны нийлүүлэлтийн доголдол нөлөөлж байгааг онцолсон байна. Үүнээс гадна төсвийн тэлэлт, инфляцын хүлээлт нэмэгдэж байгаа нь үнийн өсөлтийн дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж үзжээ.