Г.Дамдинням: Дархан-Уул аймагт 800 сая ам.доллараар гангийн цогцолбор барих компанийг шалгаруулсан

Г.Дамдинням: Дархан-Уул аймагт 800 сая ам.доллараар гангийн цогцолбор барих компанийг шалгаруулсан

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням гангийн цогцолбор байгуулах олон улсын сонгон шалгаруулалтын эцсийн дүнгийн талаар мэдээлэв.

Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсад гангийн цогцолбор байгуулах олон улсын сонгон шалгаруулалтын эцсийн дүгнэлтийг танилцууллаа. 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Энэ хүрээнд ган үйлдвэрлэгчдэд урилга хүргүүлж, нийт 60 гаруй аж ахуйн нэгжийг хамруулсан. Улмаар 2026 оны наймдугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хоёр аж ахуйн нэгжийг шалгаруулсан бол эцсийн шатанд БНХАУ-ын компани шалгарлаа. Гангийн цогцолборыг Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт барина. Үүнтэй холбоотойгоор 651.2 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Одоо шалгарсан аж ахуйн нэгжтэй хэлэлцээр хийж эхэлнэ. Ирэх хавар барилгын ажлыг эхлүүлнэ. Гангийн цогцолбор нь дотоодын хэрэгцээг хангах баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, цементийн үйлдвэр зэрэг дагалдах үйлдвэрүүдтэй цогцолбор байх юм. Тус төсөлд 800 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, дөрвөн жилийн хугацаанд ашиглалтад оруулна. Үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс хүдрээ шууд ангижруулсан төмөр болгох технологийг эх орондоо анх удаа нэвтрүүлнэ гэсэн үг. Улмаар хамгийн өргөн хэрэглэгддэг барилгын материал болох арматурын үнэ 20 хувиар буурна” гэлээ.




Маргааш ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ