Тайландын нийслэл Бангкок хотын Пхра Кханонг дүүрэгт байрлах газрын тос боловсруулах үйлдвэрт арваннэгдүгээр сарын 26-ны өдөр дэлбэрэлт болж, улмаар гал түймэр гарсны улмаас есөн хүн гэмтжээ. Тэдгээрийн гурав нь биеийн байдал хүнд байгаа талаар тус улсын эрх баригчид мэдээлсэн байна.
Тодруулбал, орон нутгийн цагаар 14:45 цагийн орчимд Bangchak Corporation компанийн эзэмшлийн газрын тос боловсруулах үйлдвэрийн дөрөвдүгээр нэгж буюу гидрокрекинг төхөөрөмжийн орчимд дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн дараа үйлдвэрийн дээгүүр өтгөн хар утаа, галын дөл гарч, чичиргээ нь хэдэн километрийн зайд мэдрэгдсэн байна.
Гал түймрийг үйлдвэрийн ажилтнууд болон аврах албаныхан шуурхай ажилласны үр дүнд 30 минутын дотор унтраажээ. Ослын дараа тус компани үйлдвэрийн бүх үйлдвэрлэлийн нэгжийн ажиллагааг зогсоосон байна. Мөн ойролцоох орон сууцны бүсийн иргэдийг аюулгүй байдлаа хангах үүднээс нүүлгэн шилжүүлж, ойролцоох сургуулиудын сурагчдыг гаргажээ.
Тайландын Эрчим хүчний сайд Аканат Промфан ослын газарт ажиллах үеэрээ дэлбэрэлт, гал нь газрын тос, хийн агуулахын саванд хүрээгүй бөгөөд нэрэх төхөөрөмжийн орчимд гарсан гэж мэдээлсэн байна. Түүнчлэн үйлдвэрийн ойр орчимд хийсэн агаарын чанарын хэмжилтээр нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхрийн давхар исэл зэрэг бохирдуулагч бодисын хэмжээ хэвийн түвшинд байжээ.
Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан болон тоног төхөөрөмжид учирсан хохирлыг тогтоохоор шалгалт үргэлжилж байна. Эрх баригчид үйлдвэрийн аюулгүй байдлыг бүрэн баталгаажуулах хүртэл үйл ажиллагааг нь сэргээхгүй гэдгээ мэдэгджээ. Тус үйлдвэр өдөрт 120 мянган баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай бөгөөд Тайландын тав дахь том газрын тос боловсруулах үйлдвэр юм.