ГХЯ: "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" зараар очсон Монгол Улсын иргэн дайнд оролцон нас барсан

ГХЯ: "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" зараар очсон Монгол Улсын иргэн дайнд оролцон нас барсан

ОХУ-д өндөр цалинтай ажил хийхээр явсан ч дайны бүсэд очиж олзлогдсон тухай мэдээлэл цахим орчинд цацагдаад буй. Тэгвэл энэ талаар өнөөдөр /2026.11.27/ Цагдаагийн ерөнхий газар болон Гадаад харилцааны яамнаас хамтарсан мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Биндэръяагийн мэдээлснээр  өнөөдрийн байдлаар "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" гэх зарын дагуу явсан найман иргэнийг эх орондоо авчирсан байна. Эх орондоо ирээгүй 6 иргэн байна гэсэн албан ёсны мэдээлэл бий. Мөн дайнд оролцсон нэг иргэн харамсалтайгаар амиа алджээ. Ийм үйл явдал тохиолдсон иргэдийн ар гэрийн гишүүн, ах дүү хамаатан садан нь ОХУ-руу хил гарсан цаашид цэргийн бааз руу очсон тухай мэдээллийг авсан бол тухайн иргэний бичиг баримтын хуулбарыг Гадаад харилцааны яаманд хүргүүлэх шаардлагатай байна. Ингэснээр ОХУ-руу шаардлага хүргүүлж, эх оронд нь буцааж авчрах ажиллагаа явуулна. Уг зар мэдээлэлд итгэж явсан иргэд Улаанбаатараас Хиагт, Улаан-Үд, Эрхүү гэсэн маршрутын дагуу явж байгаа аж.

Тэрбээр "Читад яагаад ихэнх иргэн байгаа талаар тайлбарлая. Бидэнд ирсэн мэдээлэл болон нийгмийн сүлжээнд явж байгаа зарим лайв, видео мэдээнд Читагийн асуудал яригдаад байгаа. Учир нь Читад бэлтгэлийн бааз, цэргийн баазууд байдаг юм байна. Тэнд иргэдийг эхний ээлжид аваачиж, тодорхой хугацаанд бэлтгэсний дараа цааш нь явуулдаг гэсэн мэдээлэлтэй байгаа учраас манай иргэд Читад байгаа тухай мэдээлэл ирж байна. Чита хот өөрөө манай Улаан-Үд дэх Ерөнхий консулын газрын тойрогт багтдаг. Тиймээс иргэд маань бидэнд мэдээлэл өгч байж бид Консулын газраараа дамжуулан иргэдээ авчрах, эрүүл мэндэд нь анхаарах, амь насанд нь ямар нэгэн эрсдэл учруулахгүй байх арга хэмжээг авч ажиллана. Манай Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яам ОХУ-ын төв байгууллага, Батлан хамгаалах яамтай ажиллаж байгаа. Мөн ГХЯ-даа иргэдийн талаар мэдээлэл авах албан ёсны хүсэлтээ өгчихсөн байгаа" хэмээлээ.