Төрийн тусгай хамгаалалтынхан зодолдож, буу гаргаж танхайрсан гэх хэрэг хэрхэн шийдэгдэх бол

Төрийн тусгай хамгаалалтынхан зодолдож, буу гаргаж танхайрсан гэх хэрэг хэрхэн шийдэгдэх бол

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахдаа “Төрийн тусгай хамгаалалтын байгууллага нь төрийн тусгай хамгаалалтын чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх Засгийн газрын тохируулагч агентлаг мөн” гэж өөрчлөн найруулсан.

Ийнхүү шинэчлэн найруулж батлуулсан хуулиа батлуулсныхаа баярыг Төрийн тусгай хамгаалалтын газар /ТТХГ/-ын удирдах албан тушаалтнууд энэ сарын 14-ний үдээс хойш төр засгийн үйлчилгээний “Маршал” харш буюу олны нэрлэж заншсанаар 30 дугаар байранд тэмдэглэсэн.

Энэ үеэр зарим албан хаагчдын дунд маргаан дэгдэж, эцэстээ нэг нь буу, шийдэм гаргахдаа тулсан байгаа юм. Ийнхүү албан тушаалтнуудын нэг нь агсам тавьж буу гаргаж ажилтнууд руугаа чичлээд байх үед нь харуул, хамгаалалтын нэг офицер нь булаан авч, эцэстээ зодоон цохиондоо хүрч салсан талаар өнгөрөгч Баасан гарагт зарим хэвлэлүүдэд нийтлэгдээд өнгөрч байна.

Энэхүү хэрэг хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй, ингээд нам жим өнгөрөх юм биш гэх хардлага нийгэмд үүсээд байна.

Учир нь зарим эх сурвалжууд Цагдаагийн байгууллагаас энэ сарын 14-ний өдөр ийм танхайн хэрэг бүртгэгдсэн эсэх талаар тодруулахад тодорхой хариулт өгөөгүй аж. Мөн төрийн тусгай хамгаалалтын газрын Шуурхай удирдлагын төвийн ажилтан “Ийм хэрэг гараагүй” гэсэн товч мэдээлэл өгчээ. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэргийг ТТХГ-ынхан ихэд нууцалж байгаа бөгөөд цагдаа, хяналтын байгууллага хав дарсан байхыг үгүйсгэхгүй юм.

Сонирхуулахад, хуулинд өөрчлөлт орсноор “ТТХГ-ын даргаар төрийн тусгай албанд 16-гаас доошгүй жил, үүнээс төрийн тусгай хамгаалалтын албанд 5-аас доошгүй жил ажилласан удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай Монгол Улсын иргэнийг Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө. ТТХГ-ын удирдах албан тушаалтанд цэргийн дээд цол (генерал) олгож болно гэж өөрчлөн найруулжээ. Энэ хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр ч тусгажээ.