ЧУУЛГАН: Үндсэн хуулийн өөрчлөлтийг 98.4 хувийн саналаар дэмжлээ

ЧУУЛГАН: Үндсэн хуулийн өөрчлөлтийг 98.4 хувийн саналаар дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы хоёр удаагийн нэгдсэн хуралдаанаар үргэлжилсэн нэг дэх хэлэлцүүлгээр УИХ-ын ажлын хэсгийн, Засгийн газрын, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч, үг хэлэв. Мөн хуралдаанд ажлын хэсэгт хамрагдсан хуульч, судлаач, депутатууд оролцсон юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар: “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ажлын хэсэг зөвлөлдөх уулзалт хийж, давхардсан тоогоор 5 сая 547800 саналыг иргэдээс авсан байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулна” гэлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Өнөөдрийн хэлэлцэж байгаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажил түүхэн үйл явдал. Санал хураалтыг илээр явуулах санал хураалт явуулж байна. Санал хураалтыг илээр явуулсан тохиолдолд цахим төхөөрөмжөөр, эсвэл гар өргөж явуулна гэж байгаа. Цахим төхөөрөмжөөр санал хураалт явуулахад хурууны хээ танигдсангүй гэдэг. Тиймээс гар өргөж санал хураалт явуулъя гэлээ.

Ингээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг гар өргөн саналаа өгье гэсэн горимын санал гаргасныг 85.3 хувийн саналаар санал дэмжигдлээ. Ингээд гар өргөн саналаа өгөхөөр боллоо.

Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг дэмжих нь зүйтэй гэж Л.Энх-Амгалан, Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт, М.Энхболд, Д.Оюунхорол, С.Чинзориг, Ж.Мөнхбат, Ө.Энхтүвшин, С.Батболд, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Д.Сумъяабазар, О.Содбилэг, Ш.Раднаасэд, Б.Ундармаа, А.Сүхбат, Ч.Улаан, Я.Содбаатар, Ц.Гарамжав, Л.Мөнхбаатар, Н.Амарзаяа, Н.Оюундарь, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, А.Ундраа, Х.Болорчулуун, Х.Баделхан, Л.Энхболд, М.Билэгт, Ё.Баатарбилэг, Б.Дэлгэрсайхан, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Ж.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Д.Хаянхярваа, Ж.Ганбаатар, О.Батнасан, Б.Батзориг, Ж.Энхбаяр, Б.Жавхлан, Б.Солтан, Ц.Цогзолмаа, Ж.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат, Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд, Д.Цогтбаатар, С.Жавхлан, Л.Элдэв-Очир, Ж.Батзандан, Л.Болд, Ч.Улаан, Б.Энх-Амгалан, Г.Занданшатар гишүүн зэрэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 62 гишүүн оролцсноос Ц.Даваасүрэн гишүүнээс бусад 61 гишүүн дэмжлээ.

Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн 3/2-оос дээш буюу 98.4 хувийн саналаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэн тул нэг дэх хэлэлцүүлгийг хийсэнд тооцлоо.