Ши Жинпин БНАСАУ-ыг дэмжиж байгаагаа илэрхийлэв

Ши Жинпин БНАСАУ-ыг дэмжиж байгаагаа илэрхийлэв

Солонгосын хойгийн асуудлыг зохицуулахын тулд улс төрийн шийдэл хайж байгаа БНАСАУ-ын хүчин чармайлтыг Хятад улс дэмжиж байгаа гэж Ши Жинпиний нийтлэлд онцолжээ. Энэ нийтлэл Хойд Солонгосын төв хэвлэл болох “Нодон синмун” сонинд нийтлэгдсэн байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, “Нодон синмун” сонин дээр гарсан нийтлэлд Ши Жинпин Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах шийдлийг хайж байгаа Пхеньянын хичээл зүтгэлийг үнэлсний дээр БНХАУ “ БНАСАУ-тай харилцах холбоо харилцаагаа хүчирхэгжүүлэх замаар бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил, цэцэглэлтэд идэвхитэй хувь нэмэр оруулах” зорилготой гэдгийг цохон тэмдэглэжээ.

Энд дуулгахад, БНХАУ-ын дарга Ши Жинпин зургаадугаар сарын 20-21-ний өдрүүдэд Ким Жон Уны урилгаар БНАСАУ-д төрийн айлчлал хийнэ. Энэ нь БНХАУ сүүлийн 14 жилийн дотор  БНАСАУ-руу төрийн тэргүүний тэргүүлсэн төлөөлөгчөө илгээж буй анхны тохиолдол юм.

Хятадын Коммунист намын Төв хорооны олон улсын харилцааны хэлтсийн тэргүүн Сун Таогийн мэдээлснээр Ши Жинпиний айлчлал нь хоёр орны дипломат харилцааны 70 жилийн ойд зориулагдсан бөгөөд “хамтын холбоо харилцааг цаашид хөгжүүлэхэд асар их ач холбогдолтой ” гэж БНХАУ үзэж байгаа аж.