Маргааш буюу Бурхан багшийн дүйчин өдрөөр буян үйлдэж, мод тарьж, байгалиа цэвэрлэхийг уриалав

Маргааш буюу Бурхан багшийн дүйчин өдрөөр буян үйлдэж, мод тарьж, байгалиа цэвэрлэхийг уриалав

-МАРГААШ БҮХ НИЙТЭЭР АМАРНА-

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулсан. Ингэснээр манай ард түмэн Бурхан дүйчин өдрийг нийтээр тэмдэглэдэг болж байгаа юм.

Маргааш энэ өдөр тохиох бөгөөд бүх нийтээр амарна.

Хууль санаачлагчдын зүгээс "Энэ өдөр эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байхад зорьж тус өдрийг бүх нийтээр амардаг болгосон" гэсэн юм. 

Харин Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх утга учрыг доорх байдлаар тайлбарлалаа. 

-Д.ЧОЙЖАМЦ: БИЕЭРЭЭ БУСАДТАЙ САЙХАН ХАРЬЦАЖ, ХЭЛЭЭРЭЭ САЙХАН ЗҮЙЛИЙГ ЯРИХ ХЭРЭГТЭЙ-

Хамба Д.Чойжамц хэлэхдээ “ Уг өдрийг тэмдэглэх шалтгаан нь гурван том тэмдэглэлт үйл явдал давхацдаг учраас тэр юм. Тодруулбал, нэгд эхийн хэвлийд орсон, хоёрт, ном номлосон, гуравт нирваан дүрийг үзүүлсэн гэсэн чухал өдөр давхацдаг учир “их дүйчин” гэж нэрлэдэг юм.

Тиймээс энэ өдөр буян хураавал арвиждаг гэж үздэг учир буян хураахад хичээнгүйлэн оролцох учиртай. Бурхан багшийн нигүүлсэл, энэрэл, хайрыг түгээсэн, ертөнцийн бодит оршин тогтнолыг XXI зууны шинжлэх ухаан гараагүй байх үед бодитойгоор тайлбарлан таниулсан сургаалыг номлосон учир хүн төрөлхтөн хүндэлж үздэг. Энэ сургаал номлолыг хэрэгжүүлж, бусдад хөнөөлгүй байх, нигүүлсэнгүй үйл үйлдэх ёстой. Хамгийн гол нь их дүйчин өдөр арван хар нүглийг тэвчих ёстой. Биднийг зовлонд унадаг зүйл бол бие, хэл, сэтгэл гурвын буруу үйл, зуршлаас хамаарч үүсдэг юм. Тиймээс энэ өдөр арван цагаан буяныг туурвих ёстой. Хамгийн наад зах нь биеэрээ бусадтай сайхан харьцаж, хэлээрэй сайн сайхан зүйл ярьж, сэтгэлдээ хамгийн сайхныг сэтгэж байх учиртай юм. Мөн энэ өдөр өөрийгөө харж, ажиглаж, сайн явж байна уу, буруу байна үйл хийж байна уу, ямар зан ааштай байна гэдгийг олж таних хэрэгтэй. Тиймээс нэг өдөр арван цагаан буяныг үйлдсэнээр цаашдаа энэ хэвээр байхыг бэлгэдэн тэмдэглэдэг учиртай. Ер нь сэтгэлийн нүгэл буюу хорлох, хомхой сэтгэлийг татаж байх хэрэгтэй" хэмээжээ. 

Их дүйчин өдрийг бусад орнуудын адил гудамжаар алхаж, төв талбайд энх тайван, нигүүлсэн, хайрын тухай лекц уншиж тэмдэглэх байсан ч цар тахлаас улбаалан уг үйл ажиллагаа хумигдсан байна. Гэхдээ бурхан багшийн их дүйчин өдрийг мод тарих, Богд уулын орчимыг цэвэрлэх, бусдад буян үйлдэх байдлаар тэмдэглэн өнгөрөөж болно хэмээн хамба Д.Чойжамц хэллээ.