Ч.Содномцэрэн: Сонгогчийн тоо саналын тооноос зөрөх нь тодорхой. Цагдаа, шүүхэд ханд

Ч.Содномцэрэн: Сонгогчийн тоо саналын тооноос зөрөх нь тодорхой. Цагдаа, шүүхэд ханд

Бие даагчид өнөөдөр мэдээлэл хийж сонгуулийн дүнг будлиантсан гэж мэдэгдсэн.

Тодруулбал, Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшсэн Т.Ганболд "Бие даагч нарын санал тооллогод таслал орж ирсэн. Сонгуулийн машинд ийм формат байхгүй гэж СЕХ-оос хэлж байсан. Анх миний нэр хамгийн дээр буюу 7,311 гэсэн тоотой явж байсан юм. Яагаад гэвэл би 14622 санал авсан байхад хакердаж, хоёрт хуваагаад 7311 болгочихож байгаа юм. Ийм байдал сонгогчдын санал их авах магадлалтай байсан бүх хүнд дээр гарч ирж байгаа юм" гэж хэлсэн. 

Мөн Сонгинохайрхан дүүрэгт бие даан нэр дэвшсэн С.Мөнхчулуун "СХД-т дүн ирүүлсэн 59 хэсгийн хорооноос 5 хэсгийн хорооны санал ирүүлсэн гэж байгаа. Гэтэл санал авсан хүмүүсийн эхний гурвыг харахаар МАН-аас нэр дэвшсэн Н.Учрал 13339, Д.Учрал 9172, П.Анужин 8051 хүний санал авсан байгаа. Энэ нь зөвхөн эхний таван хэсгийн хорооноос. Нэг хэсгийн хороонд хуулиараа 3000 хүртэлх сонгогч бүртгүүлэх боломжтой. Манай СЕХД 59 хэсгийн хороо 111 мянган сонгогчтой. 111 мянган сонгогчоо 59 хэсгийн хороондоо хуваахад нэг хэсгийн хороонд 1800 орчим сонгогч бүртгүүлсэн гэсэн үг. 1800 сонгогч 5 хэсгийн хороонд 100 хувийн ирцтэй очиход 9000 сонгогч болно. 100 хувь саналаа өглөө гэхэд хамгийн ихдээ 9000 санал авах ёстой.  Гэтэл энэ хүмүүс хүмүүсээсээ илүү санал авсан байна. Дүн гарахдаа асуудалтай байна гэдгийг эндээс харж болно. Нийт 45 мянган саналын тоо байх ёстой байтал 65 мянган санал болчихоод байгаа. 20000 санал хаанаас гараад ирэв ээ. 100 хувийн ирцтэй байхад нэг хэсгийн хороон дээр 1800 санал өгөх л боломжтой. 9000 сонгогчоос 6300 сонгогч саналаа өгсөн байхад яагаад 13 мянган санал авчихаад байгаа юм бэ. Энэ бол машины тооллого асуудалтай байна гэдэг нь харагдаад байгаа" гэсэн юм. 

УГ АСУУДАЛД СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хариулт өглөө. Тэрбээр "1000 хүрээгүй санал авсан хүмүүст таслал гарахгүй. 1000 аас дээш санал авсан хүмүүс дээр таслал гарсан. 

Нэг сонгогч гурван хүнийг дугуйлсан. Тэгэхээр сонгогчийн тоо саналын тооноос зөрнө. Гурван мандаттай тойрогт нэг иргэн гурван санал өгнө. Гомдол байвал цагдаа, шүүхэд хандах хэрэгтэй" гэлээ.