Б.Эрхэмбилэг: Дуучин Б.Сарантуяагийн хүү зөөгч хийж байна гэх нь хамаагүй. Би амьдралын захаас сурч байна

Б.Эрхэмбилэг: Дуучин Б.Сарантуяагийн хүү зөөгч хийж байна гэх нь хамаагүй. Би амьдралын захаас сурч байна

Алдартай дуучин, жүжигчин, нэр хүндтэй улч төрч, уран зохиолчийн хүүхэд гэхээрээ л “ээж аавынхаа”  буянаар гар хамхин сууж, амар хялбараар амьдардаг гэсэн ойлголт олон хүний тархинд “суучихсан” байдаг. Тэгвэл үүнийг үгүйсгэж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө чимээгүй бөгөөд шаргуу хөдөлмөрлөж буй залуу бол Б.Эрхэмбилэг. Түүнийг зарим хүн МУГЖ, Зууны манлай дуучин Б. Сарантуяагийн хүү гэдгээр нь андахгүй биз ээ.

Б.Эрхэмбилэг 23 настай бөгөөд өнгөрсөн наймдугаар  сараас эхлэн “Ариг-Аня” ресторанд зөөгчөөр ажиллаж байгаа аж. Тэрээр “Эхлэл” дээд сургуулийн интерьер дизайны ангид сурдаг бөгөөд урьд нь Америкт байхдаа ч үйлчилгээний байгууллагад ажилладаг байжээ. Түүний нэг өдөр өглөөний 08.00 цагт хичээлдээ явахаас эхэлдэг. Хичээлээ тараад бие даалт, даалгавруудаа хийснийхээ дараа 16.00 цагт ажилдаа ирж, шөнийн 00.00 цагт тардаг байна. Өдөр бүрийг завгүй өнгөрөөхийн сацуу амралтын өдрүүдийг хий дэмий өнгөрөөхийг хүсдэггүй.

Аль болох өөрийгөө хөгжүүлэх зүйлсийг хийхийг зорьж фитнес, усан бассейнээр хичээллэн, хөл бөмбөг үзэх дуртай гэж байв. Бид түүнийг зорин “Ариг-Аня” ресторан руу очиход ачаалал ихтэй, ширээ бүхэн хүнтэй байлаа. Харин Б.Эрхэмбилэг бидний урилгыг тун найрсгаар хүлээн авч “Түр хүлээгээрэй” гэж хэлэн, ажлаа амжуулчхаад хэсэг зуур бидэнтэй ярилцсан юм.

-МИНИЙ ӨНӨӨДӨР ЯДАРЧ БАЙГАА НЬ ЭЭЖИЙН МИНЬ
НАМАЙГ ӨСГӨЖ, ӨДИЙ ЗЭРЭГТ ХҮРГЭСЭН ХӨДӨЛМӨРИЙН
ХАЖУУД ЮУ Ч БИШ-

-Олны танил хүний хүүхэд гэхээрээ л амар хялбар амьдардаг юм шиг тийм нэг явцуу ойлголт олон хүнд байдаг шүү дээ. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Мэдээж би үүнийг үгүйсгэхийг хүсэж байна. Ээж маань алдартай дуучин байна уу, эсвэл энгийн иргэн байна уу ямар ч хамаагүй шүү дээ. Намайг төрүүлж, өдий зэрэгтэй хүн болгосон болохоор одоо өөрийн хөлс, хөдөлмөрөөр бие даан амьдарч,  ачийг нь хариулах цаг болсон.

-Үйлчилгээний байгууллагад ажиллах ямар байна. Танай салбар их ачаалалтай байдаг юм байна. Ядарч байна уу?

-Эхний хэдэн өдөр нуруу, хөл өвдөж, их ядардаг байсан. Орой ядарч, гэртээ ирчхээд “больдог ч юм уу” гэж бодож байсан ч, өглөө нь босоод л ажилдаа ирдэг. Сүүлдээ дасчихдаг юм байна лээ.  Хүн нэг зүйлээ байнга хийгээд байвал яваандаа хүнд, хэцүү санагдахаа больчихдог шүү дээ. Хамгийн гол нь миний өнөөдөр ингэж ядарч байгаа нь ээжийн минь намайг төрүүлж, өсгөн, өдий зэрэгт хүргэсэн хөдөлмөрийн хажууд  юу ч биш. Бас надаас хүнд хэцүү хөдөлмөр эрхэлж, амьдралаа авч явах гэж зүтгэж буй олон залуус бий. Тийм болохоор ерөөсөө ядарч байгаа юм шиг санагддаггүй.

-Үйлчилгээний байгууллагад ажиллахдаа юуг хамгийн ихээр сурч, мэдэж байна?

-Би эндээс маш олон зүйлсийг сурч байгаа. Хүмүүстэй харилцаж, эв дүйг нь олж, тухайн хүний юу хүсэж байгааг сайн ойлгодог болдог юм байна лээ. Өдөр бүр л өөр өөр зан араншинтай, олон янзын хүмүүс үйлчлүүлж байгаа шүү дээ. Тиймээс хүн бүхнийг ялгалгүй харьцаж, үйлчлүүлэгчийг хүндлэх соёлд суралцаж байгаа. Бас багаар ажиллах, хамт олонтойгоо нийтэч байх зан чанарт суралцсан. Дуучин Сарантуяагийн хүү зөөгч хийж байна гэж хэлэх нь надад ямар ч хамаагүй. Би энд амьдралын зах зухаас нь ч сурч, хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрч байна.  Нөгөө талаар хөлс хөдөлмөрөөрөө олсон мөнгөө гамтай хэрэглэж, зөв зүйлд зарцуулахыг хичээдэг.  Өөрт хэрэгтэй байгаа зүйлээ эцэг эхээрээ авахуулах биш, өөрөө хөдөлмөрлөж олбол илүү үнэ цэнэтэй шүү дээ.

Б.Эрхэмбилиг “Ариг-Аня”-д салбарын менежер болтлоо тууштай ажиллаж, дараа нь өөрийн үндсэн мэргэжлээрээ буюу барилгын зураг төслийн инженерээр ажиллах мөрөөдөлтэй. “Амьдралыг амар нүдээр харж болохгүй. Үнэхээр амьдармаар байвал өглөө эрт  босож, оройн 12.00 цаг хүртэл ажиллаад үзээрэй. Тэгвэл амьдралыг бага ч гэсэн мэдэрнэ” хэмээн хэлэх түүнээс алдарт дуучны хүү гэж “хамраа сөхсөн” хандлага “үнэртсэнгүй”. Харин эерэг, зөв бодол, зөв хандлага, зөв харилцаа мэдрэгдэж байлаа.

Ид ажлын ачааллынх нь үеэр бид түүнийг удааж чадаагүй тул ийнхүү хэсэгхэн хугацаанд ярилцлаа.