ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Өвөр Монголын асуудалд Монголын Засгийн газар байр сууриа илэрхийлээгүй байна

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Өвөр Монголын асуудалд Монголын Засгийн газар байр сууриа илэрхийлээгүй байна

Өчигдөр /2020.09.15/ БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Энэ үеэр Өвөр Монголын Өөртөө Засах оронд болж буй монгол бичгийн асуудлыг эсэргүүцсэн манай улсын иргэд Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийсэн. Энэ талаар “Ройтерс” агентлагт “Хятадын дипломат ажилчдын айлчлалын үеэр Монголын иргэд эх хэлний асуудлаар эсэргүүцэл илэрхийлэн жагсаал хийж байна” хэмээх гарчигтай нийтлэл гарсныг та бүхэнд орчуулан хүргэж байна.

Энэ мягмар гарагт/2020.09.15/ Монгол Улсын нийслэл Улаанбаатарт Хятадын засгийн газрын дипломат, Төрийн зөвлөлийн гишүүн Ван И-гийн айлчлалыг тохиолдуулан Хятадын монгол угсаатны бүс нутгуудад эх хэл, соёлыг нь дарангуйлж буйг эсэргүүцэн Монголын иргэд тайван жагсаал хийлээ. Уг жагсаал  Монгол Улсын Засгийн газрын урд байрлах Сүхбаатарын талбайд болж, 100 гаруй хүн оролцсон бөгөөд тэд  “Эх хэлээ хамгаалцгаая”, “Ван И яв” хэмээн орилж байлаа.  

ӨМӨЗО-ны бага, дунд сургуулиудад хятад хэлээр хичээл орох шийдвэр энэ наймдугаар сард гарч, үүнтэй зэрэгцэн Монгол төдийгүй Өвөр монголын иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна.

Хэдийгээр Хятад улс уг бодлогыг үндэсний эв нэгдлийг дэмжих зорилгоор боловсруулсан хэмээн тайлбарлан, зарим ангиудад монгол бичгээр хичээл заах боломжтой хэмээн мэдэгдэж байгаа ч иргэд “Монгол соёлыг устгахыг оролдож байна” хэмээн үзэж,  хүний эрхийн байгууллагууд ч  шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Эсэргүүцэл ӨМӨЗО-д ойролцоох гурван долоо хоног   үргэлжилж байна. Даваа гарагт/2020.09.14/ АНУ-д төвтэй Өмнөд Монголын хүний эрхийн мэдээллийн төв Хятадын эрх баригчдыг тус бүс нутагт цагдаагийн хүчийг ашиглаж буйг хурцаар шүүмжилсэн.

Учир нь Өвөр монголд жагсаал хийж, эсэргүүцсэн 4000-5000 хүнийг баривчилсан бөгөөд есөн хүн амиа алдаад байна.

Өвөр Монголчуудын асуудлаар Монголын Засгийн газраас ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа. Харин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэнруй даваа гарагт Улаанбаатарт төвтэй сонинд өгсөн ярилцлагадаа “Хятадын  бодлогын талаарх "худал цуурхал" нь эсэргүүцэгчдийг улам өдөөж байна” гэжээ. Мөн экспортын хамгийн том орлого олох Монголын нүүрсний Хятадын эрэлт багасаж байгаа бөгөөд "Ний нуугүй хэлэхэд бид Монголын ашиг сонирхолд нийцүүлэн ажиллаж байна" гэж хэлэв.

Монголын эдийн засаг Хятадаас ихээхэн хамааралтай бөгөөд ноён Вангийн хоёр өдрийн айлчлалын үеэр тус улсад 700 сая юанийн (103,15 сая доллар) буцалтгүй тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа юм. Жагсаалд оролцож С.Халиун хэмээх иргэн "Манай удирдагчид үг хэлэх хэрэгтэй. Хэрэв манай засгийн газар “Олон улсын харилцаа, эдийн засгийн тогтвортой байдал” нэрийн дор энэ асуудалд дуугүй өнгөрөх аваас Монгол Улс оршин тогтнохоо болино" гэлээ.

Мэдээллийн эх сурвалжийн ЭНД ДАРЖ үзнэ үү.