Х.Нямбаатар: Хөнгөн гэмт хэрэгтнүүдийг гэрт нь гаргаж цахим бугуйвчаар хянана

Х.Нямбаатар: Хөнгөн гэмт хэрэгтнүүдийг гэрт нь гаргаж цахим бугуйвчаар хянана

Хөнгөн ялаар шийтгүүлсэн ялтнуудыг гэрт нь гаргаж гэр бүлийнхэнтэй нь хамт байлгах, өөрийг нь  цахимаар хянах техникийн шийдлийг хэрэгжүүлэх хуулийн тогтоолын төслийг баталсан байна. 

Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Хорихоос өөрөөр ял эдэлж байгаа иргэд ялыг яаж эдлэх нь өнөөдөр тодорхой боллоо. Энэ ял хэрэгжсэнээр тухайн иргэн гэр бүлтэйгээ байж, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болж байна.

Уг ялыг хүний амь хөнөөсөн, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүнд гэмт хэргээс бусад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн иргэдэд оногдуулна. Тухайлбал, зам тээврийн осол, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэт. Ингэхдээ “цахим бугуйвч”-ийг тухайн иргэний гарт, эсвэл хөлөнд зүүж хэрэглэж, хянана. Уг гав нь кодоор лацадсан учир таслах, тайлах боломжгүй. Ингэсэн тохиолдолд хуулийн дагуу хорих ялаар солигдоно.

Уг гавны үнийн тухайд хамгийн боломжит хямд үнийг БНХАУ-аас санал болгосон. Төрийн худалдан авах хууль тогтоомжид тааруулан цахим гавыг худалдан авна. Уг гав нь камергүй. Байршил тогтоох, цэнэгийнхээ хэмжээг дамжуулах гэсэн хоёр төрлийн мэдээлэл өгнө. Энэ гав нь гар утасны сүлжээтэй газарт л ажилах боломжтой. 2021 оны байдлаар 1080 хүнд энэ ялыг оногдуулна гэсэн судалгаатай байна.

Энэ ял хэрэгжсэнээр хориход ял эдэлж байгаа хүмүүсээс 60 хувийн бага зардал гаргана. Ингэснээр улсын төсөвт хөнгөлөлт болно. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэн ч энэ ялаар шийтгэгдэх боломжтой. Анх удаагаа, хөнгөн гэмт хэрэг, болгомжгүй үйлдсэн гэмт хэрэгтнүүдэд энэ ялыг онооно. Энэ ялыг хэнд оноохыг шүүх шийднэ.  

Дэлхийн өндөр хөгжилтэй 30 гаруй оронд энэ төрлийн ялыг хэрэглэж байна. ОХУ 2011 оноос, БНСУ 2001 оноос энэ төрлийн ялыг хэрэгжүүлж байна.

Энэ ял хэрэгжсэнээр алдаа гаргасан иргэн засрал хүмүүжил илүү өгдөг, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүлтэйгээ байх боломжийг олгож байна. Мөн гэмт хэргийн улмаас үүсгэсэн хохирлоо хөдөлмөр эрхэлж төлөх боломжтой болно. Нөгөө талаас төсвийн зардлыг хэмнэх сайн талтай" гэлээ.