БОАЖЯ-ны ЕСӨН хүн улсын төсвийн 78 сая төгрөгөөр зугаалжээ

БОАЖЯ-ны ЕСӨН хүн улсын төсвийн 78 сая төгрөгөөр зугаалжээ

БОАЖЯ төсвийн мөнгөөр зугаалах төлөвлөгөөгөө өнөө жил нилээдгүй жинтэй баталжээ. Тодруулбал, 1.0 тэрбум төгрөгөөр арваад оронд зохион байгуулах 15 үзэсгэлэнд оролцох зузаан төсвийг БОАЖ-ын сайд баталжээ. Үүний ганцхан жишээг доор баримтаар өгүүлье.

Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 07-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Цюрих хотод олон улсын аялал жуулчлалын ФЕСПО үзэсгэлэн зохион байгуулагдсан. Тус үзэсгэлэнд хүмүүсээ оролцуулах тохироог Н.Цэрэнбат сайд 2018 оны гуравдугаар сард ХБНГУ-ын Аи Ти Би Берлин үзэсгэлэнгийн үеэр ФЕСПО үзэсгэлэнгийн зохион байгуулагчидтай уулзаж, аман байдлаар хийсэн байдаг.

Үүний дагуу өнгөрөгч нэгдүгээр сард улсын төсвийн 80 гаруй сая төгрөгөөр БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баясгалан тэргүүтэй хүмүүс Швейцарын Цюрик хотоор зугаалаад иржээ. Эл зугаалганд оролцсон хүмүүсийн баг бүрэлдэхүүнд, БОАЖЯ-ны дэд сайд, дэд сайдын туслах, сайдын зөвлөх, АЖБОГ-ын дарга, мэргэжилтнүүд зэрэг нийт ЕСӨН хүн багтаж явсан байна.

Тэд “Монгол орныг гадаадад сурталчлах маркетингийн үйл ажиллагаа” нэрээр аялал жуулчлалын туршлага судлах, яриа хэлэлцээр хийх нэрийдлээр салбарын яамаар овоглосон ИХ ЗУГААЛГАНД оролцжээ. Оролцсон хүмүүсийн хоол, хот доторх унаа, буудал, нислэг зэрэгт нь нийт 78,4 сая төгрөгийг цацсан аж. Тухайлбал, ОУ-ын нислэгт 15 сая, зочид буудалд 46 сая, зам хоногт 14 сая, хот доторх унаанд 2 сая зэргээр хуваарилж зарцуулжээ.

Ингэхдээ, энэ хэмжээний төгрөгийг “БОАЖЯ-ны Аялал жуулчлалын хөтөлбөрийн улс ороноо гадаадад сурталчлах зардал”-аас санхүүжүүлэхийг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын зөвшөөрлөөр гаргасан байна.

Гэтэл өнөөдөр гадаад сурталчилгааны үр дүнг бодитоор гаргасан дүгнэлт, ултай судалгаа ч хийсэнгүй. Тэрчлэн цаашид ямар бодлогоор, ямар менежменттэй оролцох талаар бодлогын түвшинд гарч ирсэн бичиг баримт алга байна. Наад зах нь нэг жилд олон оронд цуварч болдог үзэсгэлэнгүүдийн аль нь Монголд ашигтай вэ гэдэг сонголтгүйгээр төсвийн мөнгийг үрэн таран хийдгийн жишээ энэ юм.