Дональд Трамп руу хортой дугтуй илгээсэн эмэгтэйг баривчилжээ

Дональд Трамп руу хортой дугтуй илгээсэн эмэгтэйг баривчилжээ

Энэ сарын 19-ний өдөр  АНУ-ын ерөнхийлөгчийн ордон руу “Ricin” хэмээх хортой бодис хийсэн дугтуй илгээснийг Ерөнхийлөгчийн ордны ажилчид илрүүлсэн талаар “Нью Йорк Таймс” сонин мэдээлсэн юм. Тэгвэл өнөөдөр тэрхүү хорт бодист дугтуйг явуулсан хэргээр нэгэн эмэгтэйг сэжиглэн, баривчилжээ. Тус эмэгтэй Нью-Йорк мужийн хилийн боомтоор Канадаас АНУ-руу нэвтрэхийг завдаж байхад нь саатуулсан бөгөөд гартаа буу барьсан байжээ. Цагаан ордны бичиг хэргийн албанд хүрэхээс нь өмнө илрүүлсэн тус илгээмжийг Канад улсаас хэн нэгэн явуулсан гэж тусгай албаныхан тогтоосон.

“Ricin” нь нэг төрлийн ургамлаас тос гаргаж авах явцад үүсдэг бодис юм. Анагаах ухааны мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар уг бодис хүний биед нэвтэрбэл эсүүдийн ажиллагааг доголдуулж, үхэлд хүргэдэг байна.

Ингэхдээ хэр их хэмжээгээр хордсоноос шалтгаалан 36-72 цагийн дотор үхэлд хүргэдэг гэжээ. Өмнө нь 2018 онд АНУ-ын тэнгисийн цэрэгт алба хааж байсан нэг этгээд ийм төрлийн бодисыг ерөнхийлөгч Дональд Трамп, батлан хамгаалахын сайд Жэймс Мэттис, тагнуулын төв газрын захирал Жина Хаспел, Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Врэй нарт илгээхийг завдсан хэргээр баривчлагдан шийтгүүлж байжээ.

Эх сурвалж: CNN