Ц.Уянга: Хүүхдэд ээлгүй улс болсон нь сүүлийн 4 жил мөнгө идэх уралдаанд гүйсэн сайд, дарга нартай холбоотой

Ц.Уянга: Хүүхдэд ээлгүй улс болсон нь сүүлийн 4 жил мөнгө идэх уралдаанд гүйсэн сайд, дарга нартай холбоотой

Өнгөрсөн амралтын өдрүүдээр хойд эцэгтээ зодуулж амиа алдсан 9 настай охины асуудлаар хэсэг иргэд төв талбайд жагсаж, хөдөлгөөн өрнүүлсэн билээ.

Энэхүү хөдөлгөөнийг “Урбан иргэдийн форум”-аас зохион байгуулсан бөгөөд бид тус байгууллагыг санаачлагч Ц.Уянгатай ярилцлаа. Түүний хувьд одоогоор Тайланд улсад ажиллаж, амьдарч байгаа хэдий ч энэхүү хөдөлгөөнөө онлайн хэлбэрээр зохион байгуулж, залуусыг уриалан оролцсон юм.

-ИРГЭД НЬ ИДЭВХТЭЙ, ТУУШТАЙ, ШАНТАРШГҮЙ
ОРОЛЦООТОЙ ГАЗАР Л УЛС НЬ ХЯНАЛТТАЙ,
ХУУЛЬ НЬ ХЭРЭГЖИЛТТЭЙ БАЙДАГ
-

-Сайн байна уу. Улаанбаатар Иргэдийн форум өмнө нь Байгалийн түүхийн музейг нураах шийдвэрийг эсэргүүцэн хөдөлгөөн өрнүүлж байсан шүү дээ. Ер нь энэ хөдөлгөөний гол зорилго нь юу вэ?

Сайн байна уу. “Улаанбаатар Иргэдийн форум” гэсэн нэрийг өмнө нь хэрэглэж байгаад “Урбан иргэдийн форум” болгож өөрчилсөн. Ганц Улаанбаатар хотын иргэдийнх гэлгүйгээр нэг дор зэрэгцэн орших нийгмийн системийн үндсэн хөдөлгөх хүч болох иргэдийн нэгдлийг оролцоогоор нь хангах, шинэ цаг үед улам суурьшиж байгаа хотын нийгмийн асуудлуудыг хөндөх зорилгоор агууллагыг өргөжүүлсэн юм. Байгууллагын гол зорилго нь ганц төр иргэдийн асуудлыг дангаар, эрх мэдэл, эсвэл механик шийдлээр дулдуйдан шийдвэрлэх биш иргэдийн оролцоот нийгмийн байгуулалд тохирсон, шууд ардчиллын тогтолцоог хөгжүүлэх зорилготой.

Ийм нийгэм байгуулж гэмээн илт бурангуй авторитар тогтолцооноос гадна байж, амьдралд үл нийцсэн, дарга нарын эрх ашигт л суурилсан шийдвэр гаргалтын процессыг халж, урт хугацааны, тогтвортой бодлого, шийдвэрийн дархлааг бүрдүүлэх явдал юм. Үүний нэг жишээ нь Байгалийн түүхийн  төв музей. Иргэдийн хүсэл сонирхол, хотын эрх ашиг, түүний үнэ цэнийг үл хайхран цэвэр улс төр, ашиг сонирхлын бүлгийн муйхар, хүч хэрэглэн гаргасан хамгийн бүдүүлэг, харгис, хот төлөвлөлт, Улаанбаатар хотын дүр төрхөд засаж болшгүй алдаатай шийдвэр болсон гэж бид үзэж байгаа.

-Өнгөрсөн амралтын өдрүүдээр “Урбан иргэдийн форум”-аас 9 настай охины асуудлаар бас хөдөлгөөн өрнүүлсэн байсан. Энэ талаараа дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Хүүхэд хамгаалал бүү хэл ерөөсөө хүүхэд хөгжлийн бодлого манай улсад бүрэн хаягдсаныг бид гудамж талбай, нийгмийн үйлчилгээ, төрийн эн тэргүүний хийгдэх ажлын зорилтуудаас бэлээхэн харж болно. Монгол Улсын үндсэн капитал нь хүн. Ямар ч улс, үндэстэн хүнээс бүрддэг тул ирээдүйн капиталаа байнга анхаарч явдаг бодлоготой. Гэтэл манайд энэ асуудал хаягдсанаар ямар асуудлууд гарч байгааг нийгэмд өрнөөд байгаа хар бараан мэдээ мэдээлэл, хандлага, айдсаас алхам тутамдаа харж болно. Бид хүүхдүүдээ бодох нь бүү хэл ичих, нэрэлхэхээ ч болилоо. Ер нь орчин тойрноо нэг ухаан ороод ажиглаад үзээрэй. Хүүхэдгүй айл шиг л байна. Үнэхээр хүүхдэд ээлгүй ард түмэн болсон нь нэгт зөвхөн эрх мэдэл, дөрвөн жилийн мөнгө шамшигдуулах уралдаанд гүйсэн төрийн харалган бодлого, хоёрдугаарт дэндүү хүлцэнгүй, шар өдөр бор хоногоор олдсон ганц амьдралаа аргацааж яваа ард иргэдийн унхиагүй байдал (сонгогчийн боловсрол) энэ бүхний гол үр дагавар нь юм.

Сүүлийн жилүүдэд бүү хэл зөвхөн өнгөрөгч наймдугаар сарын байдлаар хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн статистикийг харахад л насанд хүрсэн гурван хүн тутмын хоёр нь хүчирхийлэл үйлдэж байгаа пропорци болж харагдаж байна. Бид одоо сэрэх цаг болсон. Он удаан жил энэ асуудал хаягдаад, ужиграад, бид амиа хичээж, довоо шарлуулж явахдаа улс үндэстэн орших үндсэн үнэт зүйлээ гээтлээ явж иржээ. Тиймээс нэн тэргүүнд ард нийтээрээ бодит байдлыг ойлгон ухамсарлаж, төр л нэг юм хийж өгдөг гэсэн хараат, тэжээвэр, өөрийн ухаангүй торны амьтад шиг зангаасаа салж, улсынхаа эзэн иргэд шиг байж, хүүхдийн асуудлыг бүх нийтээрээ анхаарч, оролцож, төрд шаардлага тавьж, ажил нэхэж, түншлэх , хамтрах бүхий л хэлбэрээр иргэдийн оролцоог идэвхжүүдэх шаардлага үүсээд байгаа юм.

-ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АСУУДАЛ МАНАЙ УЛСАД БҮРЭН
ХАЯГДСАН ГЭДГИЙГ БИД ЭРГЭН ТОЙРОНД БОЛЖ БУЙ
АЙМШИГТ ХЭРГҮҮДЭЭС ХАРЖ БОЛНО-

-Сая амралтын өдрөөр болж өнгөрсөн хөдөлгөөнд хүмүүс хэр оролцсон бэ? Манайхан ер нь хүүхдийн хүчирхийлэл дээр хэсэг шуугьж байгаад л мартчихдаг сул талтай. Хүүхдийн хүчирхийлэл ч гэлгүй бүх асуудал дээр энэ хандлага илэрдэг?

-Тийм ээ, сошиал дээр чухам л яг одоо босьё, тэмцье, нэг уриалаач, дэмжье, хамжья л гэсэн. Сэтгэл хөдлөл нь дуусангуут мартчихсан. Ер нь дандаа л ийм байдаг. Тиймээс иргэдийн оролцооны тухай боловсрол олгох нь манай ТББ-н бас нэг гол зорилго байгаа юм. Урбан буюу хотын нийгэмд аливаа үүсч бгаа асуудалд оролцоогоор хангаж, хяналт тавих нь хамгийн чухал. Хүмүүс өөрт нь яг тохиолдоогүй л бол дээрх асуудлуудыг амь амьдралтайгаа холбож бодохгүй байгаа. Гэтэл Монголын гурван хүүхэд тутмын хоёр нь нэн ядуу, хүчирхийлэл архидалт дунд, шим тэжээлийн дутагдалтай, хүн болох наад захын нөхцөлөөр хангагдаагүй орчинд өсөж байна. Эргээд эдгээр хүүхдүүдийн аль нэг нь танай аль нэг хүүхдэд заавал ноогдож байх тоон харьцаа бий. Тэд хэдхээн жилийн дараа насанд хүрсэн том хүмүүс болж, бие биетэйгээ зэрэгцэн оршино. Сэтгэц эмгэгтэй, хүн төлөвшилгүй хэн нэгнийг та өнөөдөр үл тоосноор маргааш төрсөн хүүхдийнхээ аюулыг өөрийн гараар бэлдэж өгч байна гэсэн үг. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах ёстой чухал асуудал гэдгийг хүн бүр хариуцлагатайгаар ойлгож, ухаарах хэрэгтэй.

-Ер нь “Урбан иргэдийн форум”-аас дээрх асуудлуудын шийдлийг юу гэж харж байгаа вэ?

-Гагцхүү иргэд нь идэвхтэй, тууштай, шантаршгүй оролцоотой газар л улс нь хяналттай, хууль нь бүрэн дүүрэн хэрэгжилттэй, ард түмэн нь тогтвортой, ирээдүйдээ итгэлтэй нийгэм байгуулж чаддаг. Гэтэл бид хүүхдүүдээ ч хамгаалж чадахгуй байгаа нь дэндүү үхээнц үндэстэн болсоны нэг том дохио болоод бна. Иймд иргэддээ зөв дуу хоолой болж, хамтын хүчээр хар буруу зүйлсийг арилгахын төлөө иргэн бүрийн оролцоог уриалах хэрэгтэй гэж харж байгаа.