БНСУ-д томуугийн вакцин тариулсан есөн хүн нас баржээ

БНСУ-д томуугийн вакцин тариулсан есөн хүн нас баржээ

Өчигдөр /2020.10.21/ Өмнөд Солонгост томуугийн эсрэг тарилга хийлгэсэн таван иргэн нас барсан талаар “Yonhap” агенлаг мэдээлж байсан юм. Тэгвэл тус улсын Халдварт Өвчнөөс Урьдчилан Сэргийлэх Төв хэвлэлийн хурал зарлаж, есөн хүн нас барсан талаар мэдээлжээ.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт тав, маргааш нь буюу пүрэв гарагт дөрвөн хүн нас баржээ. Албаны хүмүүсийн хэлж буйгаар нас барсан иргэдийн хоёр нь “анафилаксийн шок” буюу харшлын гаралтай цочмог хариу үйлдлийн улмаас нас барсан байж болзошгүй гэж мэдэгдсэн бөгөөд одоогоор илүү тодорхой мэдээллийг өгөөгүй байна. Мөн Эрүүл мэндийн байгууллагаас нас баралт вакцинаас болоогүй гэж үзэж байгаа юм.

Гэсэн ч шалтгаангүйгээр нас барсан иргэдийн нийтлэг зүйл нь “вакцин” байсан тул иргэд ихээхэн санаа зовниж эхэлжээ. Одоогоор нас барсан иргэдийн цогцост задлан шинжилгээ хийж байна. Тус улсын дархлаажуулалтын хөтөлбөртөө хамруулсан вакцинууд бугд дотоодын үйлдвэрлэгчдээс гаралтай бөгөөд өчигдрийн байдлаар 8.36 сая хүн хамрагдсан байна. Үүнээс 350 орчим сөрөг хариу үйлдэл бүртгэгдээд байгаа аж. Тус улсад улирлын томуугийн вакцинжуулалттай холбоотой хамгийн олон нас баралт 2005 онд зургаа бүртгэгдэж байжээ. 

Эх сурвалж: NYpost