ТОДРУУЛГА: “Хүүхэд хулгайлсан” гэх худал мэдээлэлд үндэслэн Сайнцагаан сумаас мэдэгдэл гаргажээ

ТОДРУУЛГА: “Хүүхэд хулгайлсан” гэх худал мэдээлэлд үндэслэн Сайнцагаан сумаас мэдэгдэл гаргажээ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ-аас улсын хэмжээнд болон зэргэлдээх сумуудад хүүхэд хулгайлах гэмт хэрэг нэмэгдэж байна хэмээн сэрэмжлүүлэг мэдээлэл гаргасан нь цахим орчинд тархаад байгаад билээ.

Уг Сэрэмжлүүлэг бичигт “Энэ сарын 18,19-ний өдрүүдэд Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн сумдад өдрийн цагаар хичээлээ тараад явж байсан охидыг машинд хүчээр суулгахыг завдсан 2 удаагийн гэмт хэрэг гарч, шалгагдаж байна” хэмээн бичсэн нь иргэдийг сандаргаад байгаа юм.

Тэгвэл Булган аймгийн Дашинчилэн сумын цагдаагийн хэсгээс тус суманд хүүхэд хулгайлахыг завдсан гэмт хэрэг бүртгэгдээгүй хэмээн дээрх мэдээллийг няцаагаад байна. Мөн энэхүү сэрэмжлүүлэг нь албаны эх сурвалжгүй, тамаг тэмдэггүй тул худал мэдээлэлд автахгүй байхыг сануулжээ.

Тиймээс бид Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ-ын дарга Б.Оюунчимэгтэй холбогдож, тамга тэмдэггүй уг албан бичиг нь тэдний гаргасан сэрэмжлүүлэг мөн эсэхийг тодруулахад, тэрээр “Манайхаас гаргасан нь үнэн. Гэхдээ бид аймгийн хэмжээнд Цагдаагийн газраас явуулсан сэрэмжлүүлгийг л тэр чигт нь аваад сумын иргэддээ анхааруулсан” хэмээн тайлбарласан юм. Үүний дагуу бид Дундговь аймгийн Цагдаагийн газрын дарга н.Наранбаатартай холбогдож аймгийн хэмжээнд сэрэмжлүүлэг мэдээлэл явуулсан эсэхийг тодруулахад “Манайхаас тийм сэрэмжлүүлэг огт гаргаагүй. Бидэнд ч тийм мэдээлэл огт иргээгүй” гэсэн юм. 

Тэгвэл ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү уг сэрэмжлүүлэг дээр дурьдагдсан мэдээллийг худал хэмээн мэдэгдээд байна. Иймд тус сэрэмжлүүлэг мэдээллийг Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ-аас албан бус мэдээлэлд үндэслэн гаргасан бололтой. 




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө