Оюутолгойн гүний уурхайн мэдээллээс үүдэн хувьцааны ханш 44 хувиар унажээ

Оюутолгойн гүний уурхайн мэдээллээс үүдэн хувьцааны ханш 44 хувиар унажээ

Оюутолгойн гүний уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилж зардал хэтэрсэн тухай мэдээлэл “Financial Times” сэтгүүлийн өчигдрийн дугаарт гарсан.

“Оюутолгой компанйн 66 хувийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани өнгөрсөн жил энэ асуудлаар мэдээлэл өгч байсан. Тэгвэл энэхүү мэдээлэл албан ёсоор баталгаажиж гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл 2022 оны тавдугаар сараас 2023 оны зургаадугаар сарын хооронд эхлэхээр боллоо. Энэ нь 2016 оны ТЭЗҮ-д заасан хугацаанаас 16-30 сараар хойшилж буй юм. 

ШАЛТГААН ЮУ ВЭ?

Гүний уурхайн бүтээн байгуулалтын явцад хүдрийн биетийн ойролцоох хөрсний хатуулгийн анхны төсөөлөл таамаг өөрчлөгджээ. Тодруулж, хэлбэл хүдрийн биетийн ойролцоох хөрсний хатуулаг анх төлөвлөж таамагласнаас зөөлөн буюу өөрчлөлттэй гарсан байна. Энэ нь уурхайд урт хугацааны олборлолт явуулахад эрсдэл авчрах юм.

Тодруулбал, тэслэлтээс үүдэж нуралт үүсэх эрсдэлтэй гэж мэргэжлийнхэн үзэж байна. Иймд төслийг амжилттай дуусгахын тулд уурхайн зураг төслийн хэд, хэдэн хувилбарыг эргэн авч үзэх хэрэгтэй болсон. Дунд түвшний тээвэрлэлтийн зам, хүдэр тээвэрлэх систем зэрэг гүний уурхайн дэд бүтцэд нэн чухал байгууламжуудыг өөр газар барих, эсвэл бүр барихаа болих шаардлага үүсэх магадлалтайг судалгаанаас харж болно гэж Туркойз Хилл Ресурс мэдэгдэлдээ дурджээ. Энэхүү мэдэгдлийн дараа Туркойз Хиллийн хувьцааны ханш 44 хувиар унажээ.