Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэд оноосон ялыг хэвээр үлдээжээ

Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэд оноосон ялыг хэвээр үлдээжээ

Нэгдүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Бум-Эрдэнэд холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянан хэлэлцэж, торгох ялыг хэвээр үлдээжээ.

Тойргийн бус хүүхдийг сургуульд элсүүлэхдээ авлига авсан гэх үндэслэлээр нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Г.Бум-Эрдэнийг 2018 оны 10 дугаар сард АТГ-аас баривчилан шалгаж нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнийг 12 сая төгрөгөөр торгох ял оноожээ.

Түүнчлэн авлигын хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхбатыг 10 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэжээ. Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаяр, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дэд захирал О.Оюунтунгалаг нарыг хамтран оролцсон хэмээн үзээд 2.7 сая төгрөгөөр торгох ял оноож, дээрх хүмүүсийн төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хассан аж.

Мөн дээрх албан тушаалтнуудад хахууль өгсөн хэрэгт холбогдуулан А.Уянга, А.Баянмөнх, М.Бат-Эрдэнэ нарыг 2.7 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг үндэслэлтэй хэмээн үзээд, хэвээр нь үлдээхээр шийдвэрлэжээ.