Архангай аймагт батлагдсан тохиолдол эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатарт ирээд буцжээ

Архангай аймагт батлагдсан тохиолдол эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатарт ирээд буцжээ

Энэ сарын 28-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд хүнс тээвэрлэж явсан иргэн болон хүүгээс нь коронавирус илэрсэн билээ. Тус иргэнийг хүнсний машинд нууцаар зорчиж Улаанбаатар хотоос ирсэн гэх ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр түгээд байгаа юм. Тэгвэл Архангай аймгийн Засаг Даргын Тамгын газраас тус иргэний талаар тодорхой мэдээлэл өглөө. 

“Улаанбаатар хотод батлагдаад буй хувийн эмнэлгийн бариачийн нэгдүгээр хавьтагч Батцэнгэл суманд ирсэн гэх мэдээлэл 11-р сарын 27-нд ХӨСҮТ болон аймгийн Тагнуулын газраас ирсэн даруй АОК-оос шуурхай бүлэг явуулж, тухайн иргэнийг гэрт нь тусгаарлалтад авсан. Эхний ээлжид тухайн өрх болон хот айлын нийт 9 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд гэрийн эзэн Б-ийн хариу эерэг гарсан учир 9 хүний шинжилгээний сорьцыг Улаанбаатар хотруу явуулж PCR-аар шинжилгээ хийлгэсэн. 

Тус иргэн нь Улаанбаатар хотоос Архангай аймгийн Батцэнгэл суманд 11-р сарын 15-нд ирсэн. Улаанбаатараас гараад Лүн, Баяннуур, Дашинчилин, Өлзийт сумдын постоор өнгөрөөд Батцэнгэл сумын төвд ирж дэлгүүрийн бараа буулгаад сумын төвөөс 35 км-ийн зайд орших гэртээ харьсан байна. Өвөлжөөн дэх гэртээ байхад нь малаа хайж очсон иргэн болон сумын төвөөр орсон, дэлгүүрт уулзсан, банканд уулзсан бүх иргэдийн хавьтлыг тогтоогоод эхний ээлжинд сумын төвд тусгаарлаад байна.

Харин ачааны машинд нуугдаж очсон зүйл байхгүй. Иргэн Б хөл хорио тогтоохоос өмнө буюу 11-р сарын эхээр хувийн ажлаар хотод эхнэр хоёр хүүхдийн хамт очоод хөл хорионд орсон. Энэ хугацаанд бариачаар хоёр удаа бариа хийлгэсэн байна. Ингээд 11 дүгээр сарын 15-нд Батцэнгэл сумын хүнсний дэлгүүрийн гурил болон хүнсний бүтээгдэхүүнийг ачаад сумандаа ирсэн байгаа юм. Ирэхдээ өөрийн хувийн Бонго маркын автомашиныг өөрөө жолоодож, эхнэр хүүхдийн хамт ирсэн.

Тухайн иргэн өөрийгөө хавьтал болсон гэдгээ мэдээгүй байсан. 11-р сарын 27-нд АОК-ын шуурхай штабын багийг очиход л мэдэж, шинжилгээнд орсон.

Одоогоор Иргэн Б болон түүний гэр бүлийнхний нэгдүгээр хавьтлын 53 иргэнийг Батцэнгэл суманд тусгаарлаад ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байна. Хоёр дугаар хавьтлын 100 гаруй иргэнийг гэр гэрт нь тусгаарласан. Нэг болон хоёрдугаар хавьтлуудыг түргэвчилсэн оношлуулаар шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан.

Баруун аймаг руу Архангайгаар дайрч явдаг. Баруун аймгуудын хүнс тээвэр, өвс тэжээл ачсан тээврийн хэрэгслүүд зааврын дагуу явж байгаа. Ганцхан шаардлага нь Ихтамир сумаар дамжин өнгөрөхдөө зогсохгүй өнгөрөх ёстой. Ихтамир суманд иргэн Б-ийн аав ээж байдаг. Ихтамир сумаас Батцэнгэлд хүүхдүүд дээрээ очоод идшээ авч, нэг хоноод буцсан. Тухайн гурван иргэнийг тусгаарлаад түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. PCR-ийн шинжилгээний сорьцыг УБ-руу явуулсан хариу гараагүй байна. Идэшний асуудал дээр АОК-ийн шийдвэр гаргаад пост дээр солилцох үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэв.