ШАЛГАЛТЫН ДҮН: ХӨСҮТ-ийн эмч нар болон халдвартай иргэд дундаа нэг 00 ашигладаг

ШАЛГАЛТЫН ДҮН: ХӨСҮТ-ийн эмч нар болон халдвартай иргэд дундаа нэг 00 ашигладаг

Улсын онцгой комиссоос үүрэг өгсний дагуу энэ сарын 05-ны өдөр /2020.12.05/ Хууль зүй дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хамтарсан ажлын хэсэг гарч Халдварт өвчин судлалын үндэсний төвд /ХӨСҮТ/ шалгалт хийсэн.

Шалгалтын дүн маш хангалтгүй гарсан бөгөөд түүнд үндэслэн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг Цэргийн төв эмнэлэг, Яармаг дахь 300 ортой эмнэлэг рүү шилжүүлэх шийдвэрийг гаргасан гэж буй.

Энэ тухай Шадар сайд Я.Содбаатар мэдэгдэхдээ “ХӨСҮТ болон хэд хэдэн цэгийг эрсдэлтэй байна гэж УОК үзсэн. ХӨСҮТ дээр гэхэд л гурван тасгийн эмч, ажилтнаас халдвар илэрсэн. Цаашдаа ХӨСҮТ-өөс гарч байгаа халдварын тархалтыг зогсоох, бүрэн хэмжээний ариутгалыг хийж байна” гэж мэдэгдсэн. Харин өвчтөнүүдийг шилжүүлэх асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нар зөрчилдөж, хагаралдсан гэх мэдээлэл бий. Энэ тухай өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Харин бид энэ удаа Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн ХӨСҮТ-д хийсэн шалгалтын дүнг хүргэх гэж байна.

-ХӨСҮТ ХАГАРХАЙ ЦОНХ, ХААЛГАТАЙ. ӨВЧТӨНҮҮДИЙГ ХЭРЭГЛЭСЭН ХӨНЖИЛ, ГУДСЫГ АРИУТГАДАГГҮЙ-

ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТЭД

  • Эмч, сувилагч, мэргэжилтнүүдийн өрөөнд халдвар, хамгаалалт алдагдах эрсдэлтэй. Тохижуулалт муу /эмч нар тухтай амрах суудал, хоолоо халааж идэх богино долгионы зуух болон бусад эд хэрэгсэлгүй/.
  • Ариун цэврийн өрөөний халдвар хамгаалалт алдагдсан. Эмч, ажилчид болон коронавирусээр өвдсөн өвчтөнүүд дундаа нэг 00 өрөө /ариун цэврийн өрөө/ ашигладаг.
  • Эмнэлгийн 4 болон 7 тасагт өвчтөн нэмж авахгүй байх Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг дагаагүй. Нэг тасагт олон өвчтөн хэвтүүлж эмчилсэн.
  • Инженер техникийн албаны ажилчдыг есөн сарын туршид ковидын шинжилгээнд хамруулаагүй. Тус ажилчид нь эмнэлгийн эрсдэлтэй бүсэд ажилладаг.
  • Эмнэлгээр гарч буй хог хаягдалд дотоод хяналт тавиагүй, холбогдох стандарт зөрчсөн.
  • ХӨСҮТ-ийн бохир, лаг цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдож биологи, цэвэрлэгээний нацос эвдэрсэн. Өнгөрсөн хугацаанд засвар хийгээгүй /бохир зарим газарт тунасан/.
  • Лагийн өрөөнүүдэд ордог ажилчдын халдвар хамгаалалт алдагдсан.
  • Цонх, хаалганы дулаан алдагдсан өрөөнд өвчтөнүүдийг эмчилж байсан. /Зарим цонх цууралттай/
  • Есөн сарын хугацаанд эрсдэлийн үнэлгээ хийгээгүй. 
  • Ковидын үед ажиллах хүний нөөцийн бэлэн байдлын төлөвлөгөө гаргаагүй.
  • Бэлэн байдлын талаар удаа дараа зөвлөмж өгсөн боловч хэрэгжээгүй.
  • Ажилчдын ачааллын тэнцвэржилтийг хангаагүй, хуваарилалт хийгээгүй. Энэ талаар ажилчид удирдлагууддаа удаа дараа санал, гомдол өгч байсан ч хүлээн авч шийдээгүй.
  • Өвчтөний хэрэглэсэн хөнжил, гудсыг халдваргүйжүүлэх асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өмнө нь сануулга өгч байсан ч шийдвэрлээгүй. Дахин сануулга өгсөн. 
  • Тусгаарлалтын хүмүүсийг зөөсөн түргэний машинуудын тос, масло, дугуйг найман сарын турш солиогүй. Үүнээс үүдэн хэд, хэдэн удаа осол аваар гарсан.
  • Эмч, ажилчдын амрах ногоон бүсэд халдвар, хамгаалал алдагдсан.

гэжээ.

ХӨСҮТ-д стандарт эмчилгээ асуудалгүй хийгдэж буй ч дээрх зөрчлүүд илэрсэн нь удирдлагуудын нэгдсэн зохион байгуулалтгүй, зохицуулалт хийгдээгүй гэж ажлын хэсэг дүгнэсэн байна. ХӨСҮТ-д өргөн хүрээтэй голомт үүсвэл хумихад бэрх, хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ гэж Эрүүл мэндийн яамнаас дүгнэж байгаа аж.